Хятадын парламентын чуулган ба шинэчлэлийн эхлэл

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-03-22 12:47:15
Хагас сарын турш үргэлжилсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 13 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас Хятад улсын ойрын 5 жилийн хөгжлийг тодорхойлох чухал шийдвэрүүдийг гаргаснаар түүний үйл ажиллагаа мягмар гарагт дууслаа. 5-ны өдөр эхэлсэн тус чуулганаар хэлэлцэх асуудал олон байсан учраас өмнөх чуулгануудтай харьцуулахад 5 хоногоор илүү хугацаанд хуралджээ.

Энэ удаагийн чуулганы гол онцлог гэвэл, тус улсын Үндсэн хуульд 20 гаруй нэмэлт өөрчлөлт оруулсан явдал юм. 2004 оноос хойш анх удаагаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь олон улсын ажиглагчдын анхаарлыг хамгийн ихээр татаж байсан билээ. Тодруулбал, “тухайн хүн БНХАУ-ын дарга болон дэд даргын албан тушаалд 5 жилийн хугацаагаар хоёроос дээшгүй удаа сонгогдож болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгохыг депутатууд дэмжсэн байна. Ингэснээр Хятад улсын дарга 5 жил тутамд БХАТИХ-ын чуулганаар хэдэн ч удаа улиран сонгогдох боломжтой боллоо.
 
Өмнө нь Дэн Сяопиний үед Хятад улсын даргаар ажиллах хугацааг 10 жилээр хязгаарласан нь Мао Зэдунийг тахин шүтэж, түүнд хязгааргүй эрх мэдэл олгож байсан тэрхүү алдааг дахин давтахгүйн үүднээс хийсэн алхам байжээ. Хятад улсын даргын албан тушаалыг анх 1954 онд бий болгосон байна. Хожим 1975 онд уг албан тушаалыг хасч цомхотгосон бол 1982 онд батлагдсан Үндсэн хуулиар дахин сэргээжээ.     
 
Үндсэн хуульд орсон өөр нэгэн өөрчлөлт бол “шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм”-ын тухай Ши Жинпиний дэвшүүлсэн үзэл санааны тухай заалт юм. Мөн Төрийн хянан шалгах хороо гэдэг нэртэй авлигатай тэмцэх байгууллагыг бий болгох тухай заалтыг нэмж оруулсан байна. Өмнө нь авлигатай тэмцэх үүргийг Хянан шалгах яам болон ХКН-ын Сахилга батын төв комисс зэрэг байгууллагууд хуваан авч гүйцэтгэж иржээ. Одоо шинээр байгуулагдах гэж буй Төрийн хянан шалгах хороо нь авлигын асуудалд холбогдсон албан тушаалтнуудыг баривчлах, шалгах, мөрдөн байцаалт явуулах зэрэг өргөн эрх мэдэлтэй болж байгаа юм. Тэр ч байтугай тус хороо Ардын Дээд шүүх, прокурорын газар төдийгүй Төрийн зөвлөлд ч захирагдахгүй бөгөөд зөвхөн Хятад улсын дарга болон БХАТИХ-ын шийдвэрийг дагах аж. Эдгээр болон бусад өөрчлөлттэй холбоотой мэдээллийн дэлгэрэнгүйг http://montsame.mn/read/82359 холбоосоор орж үзнэ үү?
 
Чуулганы 17-ны өдрийн хуралдаанаар Ши Жинпинийг БНХАУ-ын даргын болон Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалд санал нэгтэйгээр сонгосон байна. Хятад улсын дэд даргаар ХКН-ын дэргэдэх Авлигатай тэмцэх комиссын даргаар ажиллаж байсан Ван Цишань сонгогдлоо.
 
Үүнээс нэг хоногийн дараа Хятад улсын Төрийн зөвлөлийн даргаар Ли Көцян-ыг улираан сонгосон бөгөөд тэрбээр даваа гарагт сайд нарын танхимаа эмхлэн байгуулжээ. БХАТИХ-ын чуулганаар төрийн байгууллагуудад хийх шинэчлэлийн төлөвлөгөөг сайшааснаар Төрийн зөвлөл нь 26 яам болон улсын хорооноос /агентлаг/ бүрдэхээр болж байна. Ажил үүргийн давхцлыг арилгахын тулд зарим яамдыг нэгтгэж, 8 яам, 7 агентлагийг татан буулгажээ. Үүний зэрэгцээ Онцгой байдлын яам, Ахмад дайчдын хэрэг эрхэлсэн яам болон Байгалийн нөөцийн яамыг шинээр байгуулсан байна. Ийм өргөн хэмжээний шинэчлэлийг 1998 онд Төрийн зөвлөлийн дарга асан Жу Жунци хийж байжээ.
 
БНХАУ-ын түүхэнд анх удаагаа Онцгой байдлын яам байгуулагдаж байгаа бөгөөд өмнө нь байгалийн гамшигтай тэмцэх үйл ажиллагааг салбарын яамдууд зохицуулж, Хятадын Ардын чөлөөлөх армийн /ХАЧА/ албан хаагчдыг дайчилж байв.
 
Ахмад дайчдын хэрэг эрхэлсэн яам нь АНУ дахь ийм төрлийн байгууллагатай төстэй бөгөөд цэргээс халагдсан хүмүүст тэтгэвэр тэтгэмж олгох, тэднийг ажлын байраар хангах, тэдэнд болон тэдний ар гэрийнхэнд хөнгөлөлт үзүүлэх зэрэг ажлыг хариуцах аж. Хятад улс 2015 оноос зэвсэгт хүчиндээ томоохон шинэчлэл хийж байгаа бөгөөд энэ хүрээнд ХАЧА-г 300 мянган хүнээр цомхотгожээ. 2016 он болон 2017 онд чөлөөнд гарсан цэргийнхэн амласан нөхөн төлбөрөө өгөхийг шаардан жагсаал цуглаан зохион байгуулсны дараа тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Ахмад дайчдын хэрэг эрхэлсэн яамыг байгуулж байгаа бололтой.   
 
Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг гурван агентлагийг нэгтгэн Байгалийн нөөцийн яам байгуулсан нь хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөөх кампанит ажлыг улам эрчимжүүлнэ гэж үзэж байна.
 
Төрийн зөвлөлийн тэргүүн дэд даргын албан тушаалд Шанхай хотын намын хорооны даргаар ажиллаж байсан Хань Жөн-ийг томилсон байна. Мөн дэд даргаар ХКН-ын Төв Хорооны Нэгдмэл фронтын хэлтсийн дарга байсан Сунь Чуньлан, Гуандун мужийн намын хорооны дарга асан Ху Чуньхуа болон Ши Жинпиний эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Лю Хө нар томилогдлоо. 


 
Батлан хамгаалахын сайдаар Пуужинт цэргийн ерөнхий командлагч асан Вэй Фөнхэ томилогдсон бол Ван И-г Гадаад хэргийн сайдаар улираан томилжээ. Сангийн сайдаар өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан Лю Кунь ажиллахаар болсон байна.
 
Түүнчлэн Хятадын Ардын банкны /Төв банк/ даргаар өмнө нь тус банкны дэд дарга байсан И Ган-ыг томилжээ.  
 
БТАТИХ ба “хоёр чуулган”-ы тухайд

Хятад улсын Үндсэн хуульд зааснаар, хууль тогтоох дээд байгууллага болох БХАТИХ нь 2980 депутатаас бүрддэг бөгөөд тэднийг 5 жилд тутамд сонгодог. БХАТИХ нь жилд нэг удаа  3 дугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралддаг байна. Бүтэц болон үүргийн хувьд барууны сонгодог парламентаас өөр бөгөөд ЗСБНХУ-ын Дээд зөвлөл эсвэл БНМАУ-ын Ардын Их хурал гэж байсантай төстэй төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм.
 
Чуулганы чөлөө цагт БХАТИХ-ын өдөр тутмын үйл ажиллагааг БХАТИХ-ын Байнгын хороо хэрэгжүүлнэ. БХАТИХ нь Хятад улсын дэд дарга, Төрийн зөвлөлийн дэд дарга нарыг сонгохоос гадна засгийн газар, Цэргийн төв зөвлөл, Ардын Дээд шүүхийн бүрэлдэхүүнийг баталж,  Ерөнхий прокурорыг томилдог.   
 
Мягмар гарагт өндөрлөсөн БХАТИХ-ын ээлжит чуулганд оролцсон депутатууд өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн засгийн газрын ажлын тайланг сонсч, улс орны нийгэм-эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх төлөвлөгөөг сайшааж, энэ оны төсвийн төслийг баталснаас гадна Ардын Дээд шүүх болон Ардын Дээд прокурорын газрын ажлын тайланг сонссон байна. Ардын Дээд шүүхийн даргаар Жоу Чян, Ардын Дээд прокурорын газрын даргаар Жан Жюнь нарыг тус тус  томилжээ.

Энд нэг онцлог зүйлийг тодруулахад, БХАТИХ-ын чуулган эхлэхээс өмнө буюу 3-ны өдөр 13 дахь удаагийн сонгуулийн Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хороо (АУТЗЗБХХ)-ны анхдугаар чуулган нээгдсэн юм. Энэ бол Хятадын төрийн дээд удирдлагын дэргэдэх зөвлөлдөх байгууллага бөгөөд түүний бүрэлдэхүүнд ХКН болон бусад улс төрийн намуудын төлөөлөгчид, нийгмийн нэртэй зүтгэлтнүүд, бизнесийн хүрээний төлөөлөгчид ордог байна. БХАТИХ ба АУТЗЗБХХ хоёр байгууллага зэрэг хуралддаг учраас “хоёр чуулган” гэдэг улс төрийн хэллэг бий болжээ.

Зорилт ба шинэчлэл
 
Хятадын өнөөгийн удирдагчид дотооддоо хоёр том зорилт тавиад байгаа билээ. Эхний зорилт бол 2021 онд буюу ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үед Хятад улсад ядуурлыг үндсээр нь устгасан байх, нөгөөдөх нь 2049 онд буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх үед улс орондоо “шинэчлэгдсэн социалист улс” байгуулсан байх явдал юм. Үүний сацуу гадаад талдаа Хятад улс дэлхийд тэргүүлэх гүрэн болох зорилт дэвшүүлсэн билээ.  
 
Тухайлбал, “2020-2035 он бол Хятад улсад социалист шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдвэрлэх үе учраас ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга гэсэн гурван чухал албан тушаалыг нэг хүний гарт төвлөрүүлэх нь зүйтэй” гэж ХКН-ын албан ёсны бус хэвлэл гэгддэг Global Times сонинд дүгнэн бичжээ. Дашрамд дурдахад, 1993 оноос хойш эдгээр гурван албан тушаалыг нэг хүн хашиж байгаа юм.   

Дээрх том зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн тогтолцооны болон хүний нөөцийн шинэчлэл хийх нь гарцаагүй гэж Оросын хятад судлаач Евгений Грачиков үзэж байна. Иймээс Ши Жинпинь төрийн аппаратыг цэвэрлэж, эрс шинэчлэл хийхээр төлөвлөсөн нь энэ удаагийн чуулганы үйл ажиллагаанаас харагдаж байна. Учир нь, 40 жилийн өмнө Хятад улс зах зээлийн тогтолцоонд шилжин орж байх үед Дэн Сяопиний бий болгосон улс төрийн тогтолцоо нь авлигатай тэмцэх, томоохон шинэчлэл хийх боломжийг олгохгүй байгаа аж.

Дэн Сяопэний үеэс БНХАУ-ын дарга нь эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг бараг хянадаггүй байсан бөгөөд эл үүргийг Төрийн зөвлөлийн дарга гүйцэтгэдэг байв. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд ХКН-ын Төв хорооны дэргэд эдийн засгийн асуудал эрхэлсэн ажлын хэсгүүд байгуулагдаж, тэдгээрээр дамжуулан Ши Жинпинь эдийн засгийг хяналтандаа авах гэж байгаа бололтой. 
 
Үүний сацуу тэрбээр намын байгууллагын дарга,  зүтгэлтнүүдийн үр хүүхдүүдийг төр засгийн удирдлагын бүрэлдэхүүнээс гаргаж, улс төрийн албыг өв залгамжлуулдаг байдлыг халах бодлого баримталж байгаа аж. Дарга нарын хүүхдүүдийн оронд улс орны зах хязгаар нутгаас хүмүүсийг авчирч, өндөр албан тушаалд томилж байна.
 
Ши Жинпинь төр барьсан эхний таван жилдээ санхүүгийн тогтвортой байдал, зэвсэгт хүчний шинэчлэл, хүрээлэн буй орчныг хамгаалах, авлигатай тэмцэх, шинэ гадаад бодлого гэсэн гол 5 чиглэлийг барьж шинэчлэл хийж байсан бол ирэх таван жилийн хугацаанд үүнийгээ үргэлжлүүлэх нь тодорхой боллоо.
 
Б.Адъяахүү     
Холбоотой мэдээ