ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар оролцсон Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-03-21 14:56:30
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг  Монгол Улсын  УИХ, СЕХ, ЭСЯ-ны төлөөлөгчид ажиглаж, сонгуулийн үйл явцтай танилцлаа. Энэ удаагийн сонгуульд дэлхийн 100 гаруй орны парламентын төлөөлөл, дипломат ажилтнууд, 80 гаруй орны сонгуулийн байгууллагын төлөөлөгч ажиглагчаар оролцсон юм.
Тодруулбал ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөл, Төрийн Дум, Сонгуулийн Ерөнхий комиссын урилгаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга П.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Энх-Амгалан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Д.Золжаргал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа тэргүүтэй ЭСЯ-ны дипломат ажилтнууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж, санал хураах үйл явцтай танилцан Сонгуулийн ерөнхий комиссын хэвлэлийн бага хуралд оролцлоо.
 
УИХ-ын гишүүд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтийн ажиллагааг Арбат дүүргийн санал хураах  Нэгдүгээр хэсэг, хаалтын ажиллагааг санал хураах  дөрөвдүгээр хэсэг дээр очиж ажигласан бөгөөд хотын захын Коньково дүүргийн 2224 дүгээр хэсгийн санал хураах үйл явцтай танилцсан юм.  
 
Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга К.Косачев УИХ-ын гишүүдийг Москвад ажиллах үеэр хүлээн авч уулзан Монгол-Оросын парламентын уламжлалт найрсаг харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд хоёр орны парламент чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглээд 2018 оны 6 дугаар сарын 4-5-ны өдөр Москва хотноо болох Парламентын засаглалын хөгжлийн Олон улсын форумд Монголын талаас төлөөлөгч оролцохыг урьсан ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.Володины урилгыг гардуулсан юм.
 
Харин ОХУ-ын Сонгуулийн ерөнхий комиссын дарга Э.Памфилова СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр орны сонгуулийн байгууллагын хамтын ажиллагааны тухай ярилцаад Монгол Улсын сонгуулийн үйл явц бүрэн автоматжсаныг сайшаасан юм. Уулзалтын төгсгөлд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хатагтай Э.Памфиловаг Монгол Улсад айлчлахыг урив.
 
Дашрамд дурдахад ОХУ-ын 2018 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль урьдчилсан байдлаар 67 хувийн ирцтэйгээр өндөрлөж, бие даан нэр дэвшигч одоогийн Ерөнхийлөгч В.Путин 76,6 хувиар үнэмлэхүй ялалт байгуулан, ирэх 6 жилийн хугацаанд улсаа үргэлжлүүлэн удирдах нь тодорхой болсон билээ.
 
Л.Нандиа

Холбоотой мэдээ