Тавантолгой уурхайн тосгоныг яаралтай нүүлгэх шаардлагатай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-20 16:49:01
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байх Тавантолгойн уурхайн тосгоныг яаралтай нүүлгэх шаардлагатай болжээ. Өдгөө 300 гаруй тогтмол оршин суугчидтай тэдний 80 гаруй нь хүүхэд амьдардаг уг тосгонд уурхайн овоолго шороо хоёр км орчим ойртож ирсэн нь ийнхүү нүүлгэн шилжүүлэх шалтгаан болоод байгаа юм.

Тус аймгийн ууган нь болсон 52 жилийн түүхтэй энэхүү уурхайг дагасан тосгон нь мөн л 50 гаруй жилийн түүхийн хуудсыг эргүүлсэн суурин юм. Сүүлийн жилүүдэд Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжиж эхэлснээс хойш уг тосгоны нөхцөл байдал хүндэрч эхэлсэн ажээ. 
Мөн уг тосгоны байгаа газар "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн лицензтэй талбайд орчихсон, 2015 оноос хойш уурхайн овоолго шорооны тоос улам нэмэгдэж байгаа тул энэхүү нүүлгэн шилжүүлэх асуудлыг Тавантолгойн уурхайн удирдлагууд төдийгүй аймаг орон нутгийн удирдлагууд ч анхааралдаа авч шат дараалан хөөцөлдөж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Цогтцэций сумаас баруун зүгт газрын асуудлаа шийдүүлсэн хэдий ч нүүлгэн шилжүүлэх ажлыг Эрдэнэс Таван толгой ХК хэзээ хийхийг хүлээж сууна. 
Орон нутгийн өмчит Тавантолгойн ХК-ийн тосгон нь уурхайчдын орон сууц, цэцэрлэг, гэр хороолол гээд багахан сумын хэмжээнд хүрсэн суурин юм. Мөн уурхайчид тосгондоо гэр бүл үр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг нь тус аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх уул уурхайн компаниудаас давуу онцлог талтай билээ. Өмнөговь аймгийн хэмжээнд 12 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Тавантолгойгоос бусад уурхайнууд ажилчдаа түр байрлуулдаг юм. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ