ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын тооллого 99,8 хувьтай үргэлжилж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-03-20 12:43:39
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Сонгуулийн Ерөнхий комисс /СЕК/ ойрын 10 хоногийн дотор  сонгуулийн албан ёсны дүн болон ирцийг зарлана. Одоогоор сонгуулийн нийт протоколын 99,8 хувийг боловсруулаад буй юм. Урьдчилсан байдлаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2018 оны ээлжит сонгууль 67,4 хувийн  ирцтэй өндөрлөж одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин 76,6 хувийн саналаар ялалт байгуулснаар тус улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох нь тодорхой болов.
 
Владимир Путин 2000, 2004, 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван удаа ялалт байгуулахдаа хамгийн ихдээ 49,5 сая сонгогчийн санал авч байв. Харин энэ удаад 56 сая гаруй сонгогчийн саналыг авч түүхэн амжилт тогтоолоо.
 
Удаах байрт 11,8 хувийн саналаар Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудинин бичигдэж буй бол Либерал-Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновский 5,6 хувийн саналтайгаар гуравдугаарт жагсаж байна.
 
Харин Иргэний санаачилга намаас нэр дэвшигч Ксения Собчак 1,6 хувийн санал авсан бол, Алим намын Григорий Явлинский, Оросын Коммунистууд намын Максим Сурайкин, Өсөлтийн намын Борис Титов, Оросын бүх ардын холбоо намын Сергей Бабурин зэрэг бусад нэр дэвшигчид ердөө 0,6-1 хувийн санал авчээ.  
 
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг сонгуульд ялалт байгуулах нь тодорхой болох үед БНХАУ-ын дарга Си Жинпин, Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Бүгд Найрамдах Куб Улсын Ерөнхийлөгч Рауль Кастро, Болив Улсын Ерөнхийлөгч Ево Моралес нар хамгийн түрүүнд баяр хүргэж, мэндчилгээ илгээжээ.
 
Дашрамд дурдахад 6 жилийн өмнөх 2012 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Путин 63,6 хувийн саналаар ялалт байгуулж байсан бөгөөд тэр үеийн сонгуулийн ирц 65,3 хувьтай байжээ.
Л.Нандиа

Холбоотой мэдээ