Их Британийн дипломатуудыг улс орноосоо гарч явахыг шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-17 17:07:50
МОСКВА. /БИ-БИ-СИ/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгтэй холбоотойгоор Их Британи улс Оросын 23 дипломатыг улс орноосоо гарч явахыг шаардсан билээ. Үүний хариуд Орос улс ч мөн Их Британийн 23 дипломатыг улс орноосоо гарч явахыг шаардсан байна.

Түүнчлэн Санкт-Петербург хотод Их Британийн Ерөнхий консулын газрыг нээх зөвшөөрлийг цуцалжээ. Мөн ОХУ дахь Их Британийн Зөвлөлийн үйл ажиллагааг зогсоож байгааг Оросын ГХЯ мэдэгдсэн байна. Их Британийн Зөвлөл нь урлаг соёл, боловсролын салбарт Их Британи болон бусад улс орон хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий олон улсын байгууллага юм. Тус зөвлөл нь ОХУ-д 20 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй С.Скрипалийг Орост үйлдвэрлэсэн мэдрэл саажуулах бодисоор хордуулсан хэрэгтэй холбогдуулан тодорхой тайлбар өгөхийг Орос улсаас шаардсан билээ. Оросын зүгээс Т.Мэйд тодорхой тайлбар өгөөгүйтэй холбоотойгоор тэрбээр энэ сарын 14-нд буюу өнгөрсөн лхагва гарагт Оросын 23 дипломатыг улс орноосоо гарч явахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ