Умард Солонгосын удирдагчтай уулзах хүсэлтэй байгаагаа батлан хэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-17 11:25:13
ВАШИНГТОН. /ТАСС/. Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзахаас нааш манай хоёр улс Умард Солонгост үзүүлэх шахалтаа сулруулахгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар утсаар ярилцах үеэрээ тохиролцсон тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.  

Хоёр улсын төрийн тэргүүн өмнөх алдаанаасаа суралцах нь чухал юм гэдгийг хүлээн зөвшөөрөхийн сацуу цаашид Умард Солонгосын дэглэмд дээд зэргээр шахалт үзүүлэх зорилгоор нягт уялдаатай байхыг амлажээ. Түүнчлэн талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад үг бус тодорхой алхмууд гол үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай таван сард багтаан уулзах хүсэлтэй байгаагаа Д.Трамп батлан хэлжээ.  

Энэ сарын 8-нд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Д.Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын төлөөлөгчдөөр дамжуулан мэдэгдсэн билээ.  АНУ-ын төрийн тэргүүн энэ саналыг хүлээн авсан юм. Уулзах газар болон өдрийг хожим нь тодорхойлно хэмээн Цагаан ордны хэвлэлийн албан мэдээлсэн билээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ