"Жороон жороо" бүжгийн баруун бүсийн уралдааныг анх удаа зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын санаачилга дэмжлэгээр, Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын ерөнхий бүжиг дэглээч Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн Хүндэт иргэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Даваасүрэнгийн Баярбаатарын нэрэмжит “Жороон жороо” бүжгийн уралдаант наадам баруун бүсийн аймгуудын хүүхэд багачуудын дунд 2018 оны 5 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Алтай хотноо анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Хүүхэд багачуудын бүжиглэх авьяас билэг, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, бүжиг заагч, дэглээч багшийн ажлыг үнэлэх, хүүхдэд зориулсан бүжгийн бүтээлийн урын санг шинэ болон шилдэг бүтээлүүдээр баяжуулан баруун бүсийн аймгуудын бүжгийг урлагийг хөгжүүлэх зорилгоор зохиогдохоороо онцлогтой юм.
Уг уралдаант наадамд оролцогчид эх дэлхий, нутаг ус, өв соёлоо илэрхийлэн бахархсан агуулга бүхий уламжлалт зан заншил, ахуй нөхцөлийг бүжгийн ямар ч төрлөөр /сонгодог, ардын, улс, үндэстний, цэнгээт, орчин үеийн/ илэрхийлж , гоцлол болон хамтлагийн уран бүтээлээр оролцох юм байна. Анхан шатны шалгаруулалтыг тухайн сум, орон нутаг, сургууль зохион байгуулах бөгөөд сум, сургуулиас шалгарсан насны ангилал тус бүрээс 1 гоцлол, 1 хамтлаг бүжгийг дараагийн шатны уралдаанд оролцуулах ба сүүлийн шатанд МУСТА М.Бирваагийн хөгжим, МУУГЗ Д.Баярбаатарын дэглэлт “Жороон жороо” бүжгийг үндсэн дэгээр нь бүжиглэх ажээ.
Энэхүү наадмын шагналын нийт сан нь 15 сая төгрөг байх бөгөөд шагналыг насны ангилал тус бүрээс 1, 2, 3, тусгай байрыг эзлүүлж, гоцлол төрлөөр МУУГЗ Д.Баярбаатарын нэрэмжит Гранпри цом гардуулна гэдгийг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс мэдээлэв.
Э.Нарангэрэл