С.Хокинг Нобелийн шагнал хүртээгүйн учрыг тайлбарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-15 16:36:15
СТОКГОЛЬМ. /ТАСС/. Хэдийгээр Их Британийн онолын физикч Стивен Хокинг-т Нобелийн шагнал олгоё гэсэн санал олонтоо ирж байсан боловч тэрбээр уг шагналыг хүртэж чадаагүй билээ.
 
Стокгольмын их сургуулийн профессор Эдвар Мёртсель-ийн үзэж байгаагаар, дэлхийд алдартай эрдэмтний чухал нээлтүүдийг шинжлэх ухааны үүднээс хэн ч баталж чадаагүйд шагнал аваагүйн учир оршино. 
 
Э.Мёртсель өөрөө Орчлон ертөнцийн тэлэлт болон хар материйн асуудлыг судалдаг бөгөөд тэрбээр хэлэхдээ “Хокингийн дүгнэлтүүдийг ажиглалтаар батлаагүй нь шагнал авахад нь гол саад болсон” гэв.
 
Хокинг алдар нэртэй болсны гол учир нь Хокингийн цацраглал гэдэг онолтой холбоотой. Уг онол ёсоор, хар нүхнүүд нь үнэн хэрэгтээ бүхэлдээ хар биш бөгөөд сул ч гэсэн гэрэл цацруулж байдаг гэсэн онол юм. Гэвч энэ онолыг практик бодит байдал дээр хэн ч баталж чадаагүй аж.
 
“Тухайн объект масс ихтэй байх тусам түүнээс илүү их гэрэл ялгардаг. Гэтэл Хокингийн цацраглалын онолын гол онцлог гэвэл үүнийг эсрэгээр тайлбарласанд оршино. Өөрөөр хэлбэл, объект жижиг байх тусам түүний ялгаруулах гэрлийн цацраг их байдаг гэсэн үг. Хар нүхнүүдийг ажиглахын тулд лабораторийн нөхцөлд тэдгээрийг бий болгох боломжтой гэдгийг үгүйсгэх аргагүй” хэмээн Мёртсель ярилаа.
 Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ