МҮЭ-ийн холбооноос үндэсний гурван талт хороог хуралдуулахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-03-15 16:08:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог хуралдуулах саналтай байгаагаа мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус холбооноос нэгдүгээр сарын 19-нд Засгийн газар, УИХ-д гурван талт улсын хэлэлцээрийн хүрээнд тэтгэврийн насыг бууруулж, татварын нэмэгдлийг багасгах шийдвэрээ эргэн харж өөрчлөлт оруулах саналаа хүргүүлж байсан юм. Улмаар хоёрдугаар сарын 2-нд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ өөрчлөлт оруулсан. Ингэхдээ хөдөлмөрийн хэвийн бус хүнд, хортой нөхцлийг хамруулахгүйгээр хуульд өөрчлөлт оруулжээ. Мөн даатгуулагчийн шимтгэл төлсөн 7 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэвэр бодож байх шийдвэрийг гаргасан байна.

Иймд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэврийн настай холбогдсон хуулийн заалтыг зөв зүйтэй болгох, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын болон нэмэлт хэлэлцээрт туссан зарим асуудлын хэрэгжилтийг хангаж цалин хөлс, бодит орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулийн хугацаа болсон тул Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог хуралдуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотой асуудлыг хэлэлцэх саналаа МҮЭ-ийн холбооноос хүргүүлээд байгаагаа энэ үеэр мэдээлэв.
Д.Сарантуяа
 
Холбоотой мэдээ