О.Анхбат: Ирэх долдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд Монголын нууц товчоог цэнгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-12 13:03:34
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын хувьд 2018 оныг сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулсан, өрх гэрийг дэмжсэн жил болгон зарлаад байгаа бөгөөд үйл ажиллагаагаа иргэддээ ил тод нээлттэй байлгах бодлогыг баримтлан ажиллахаар төлөвлөжээ. Энэ талаар  сумын Засаг дарга О.Анхбаттай уулзаж, цаг үе, нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.
 
- Өнгөрсөн 2017 он Дэлгэрхаанчуудын хувьд ямархуу жил болж өнгөрөв?
 -Бид 2017 оныхоо ажлыг дүгнүүлж, өнгөрсөн 12 сард сумын ИТХ-д ажлаа тайлагналаа. Өнгөрсөн 2017 оныг Дэлгэрхаанчууд “Сахилга хариуцлага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх” жил болгон зарлаж, амжилттай ажилласан. Энэ ажлын хүрээнд иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлж, иргэдийнхээ үгийг сонссон, сум орон нутгаа сурталчилсан гээд нэлээд олон ажлыг амжууллаа. 2017 онд хийгдсэн ажлуудаас дурьдвал: Отрын бүс нутагт орж ирж өвөлжиж байгаа айл өрхүүдтэй гэрээ байгуулж, хэлэлцээр хийж ажилласан. Мөн 1962 онд баригдсан Хөмөлтийн модон гүүрийг буулгах ажлыг Зэвсэгт хүчний 232 дугаар ангитай хамтран зохион байгуулж, 220 метр гүүрний 140 гаруй метрийг нь буулгаж, модыг зөөж иргэд, малчиддаа борлуулах ажлыг зохион байгууллаа. Үүнээс гадна “Аварга тосон” рашаан сувиллыг тойруулан 13 км шороон далан татаж, сумын ИТХ-аар хэлэлцүүлэн, рашаан сувилалд ирж амарч байгаа амрагчдаас хөрс талхалсны хураамж авч байхаар тогтож, сар гаруйн хугацаанд хоёр пост тавьж ажилласнаар амрагчдаас нийтдээ 21,6 сая төгрөгийн орлого олж чадсан.

Дараагийн нэг том ажил нь ойрын 20 гаруй жил Дэлгэрхаан суманд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдаагүй байсныг Уяачдын холбоотойгоо хамтран сэргээж, аймгийн “Баруун бүсийн дээд гурван насны морины уралдаан”-ыг амжилттай зохион байгууллаа. Мөн аймгийн цэцэрлэгийн багш нарын бага хурал, сургалт семинарыг БСУГазартай хамтран сумандаа амжилттай зохион байгуулж, цэцэрлэгийн багш нар гурван өдрийн турш Дэлгэрхаан суманд чуулсан. Сумын нэгдсэн хогийн цэгийн хог хаягдлыг ОНХС-ийн 20 сая төгрөгийн хөрөнгөөр дарж булшлан, дараагийн хогийн цэгийг байгууллаа. Түүнчлэн МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан “Адуучин” тэмцээнийг сумандаа зохион байгуулж, 21 аймгийн төлөөлөл адуучид хүрэлцэн ирж, эр бяр, авхаалж самбаа, морины эрдэм чадлаараа өрсөлдсөн гээд олон томоохон ажлыг хэрэгжүүлж ажиллалаа. Мөн нэг төрийн албан хаагч 1000 төгрөг аян зохион байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө зориулахаар сан байгуулж ажиллаж байна.

Өнгөрсөн оны амжилт бүтээл, алдаа дутагдлаа дүгнэн цэгнэж, 2018 ондоо санаачилгатай, идэвхтэй, дэвшилттэйгээр ажиллах зорилго тавин ажиллаж байна. 2018 оныг бид бүхэн сум орон нутгийнхаа өнгө үзэмжийг сайжруулсан, өрх гэрийг дэмжсэн жил болгон зарлаад байна. Энэ ажлын хүрээнд сумынхаа 700 гаруй өрхөд хүрч ажиллах, иргэдийнхээ нийгмийн асуудалд тодорхой дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулах, эко сум болох, үйл ажиллагаагаа иргэддээ ил тод тайлагнадаг байх зэрэг зорилтыг дэвшүүлэн ажиллана. Энэхүү зорилтын хүрээнд найман жилийн туршлага бүхий мэргэшсэн хамт олон болох “Хэнтийн мэдээ агентлаг”-ийг сонгон, хамтран ажиллах гэрээ байгуулж, орон нутагтаа өрнөж байгаа үйл явдал, бодлого зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийг иргэдээ ил тодоор тогтмол тайлагнаж байх боломжийг бүрдүүлсэндээ баяртай байна. Үүнээс гадна 2018 онд бид отрын бүс нутагтаа шинэ менежмент нэвтрүүлэх, цаашдаа хэрхэн зөв зүйтэй ашиглаж, амьдрах, мал аж ахуй эрхлэх тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөлөө. Мөн Зэвсэгт хүчний 232 дугаар ангитайгаа хамтран 2018 оны долдугаар сард Хэрлэнгийн Хөдөө аралд Монголын нууц товчоог цэнгүүлэх томоохон ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 -Дэлгэрхаан суманд хичнээн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ?
- Дэлхийн байгаль хамгаалах сангийн TNC төсөл улсын хэмжээнд дөрвөн суманд хэрэгжиж байгаагийн нэгээр манай сум сонгогдож, Дэлгэрхаан сумын Хэрлэнтооно багт уг төсөл хэрэгжиж байна. Төслийн зорилго нь нутгийн иргэдийн оролцоотойгоор байгалиа хамгаалах явдал учраас сум орон нутгийн удирдлагуудын хувьд дэмжин ажиллаж байна. Мөн “Малын эрүүл мэнд-Ногоон алт” төсөл Хэнтий аймгийн таван суманд хэрэгжиж байгаагийн нэг нь манай сум юм. Уг төсөл нь бэлчээр ашиглалт, малчид нөхөрлөл, холбоо үүсгэж, амжиргаагаа дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн ДЗМОУБ-ын “Хүүхэд хамгааллын төсөл” хэрэгжиж, зорилтот 50 өрх дээр хэрэгжиж байна.
- Энэ жил танай суманд хичнээн тоо толгой мал хаваржиж байна вэ? 
- 2017 онд зуншлага оройтож гарсантай холбоотойгоор хэнз ногоотой намартай золгосон. Үүнээс үүдэн хадлан тэжээлийн гарц муу байлаа. Өнөөдрийн байдлаар манай суманд 280 гаруй мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Мөн отрын бүс нутагт тойргийн сумдаас оторчид орж ирж, 50 гаруй мянган мал хаваржиж байгаа юм. “Малын эрүүл мэнд-Ногоон алт” төслөөс отрын бүс нутагт бэлчээрийн даацад судалгаа хийж, 180 гаруй мянган мал өвөлжих боломжтой гэсэн дүгнэлт гарсан хэдий ч одоогийн байдлаар бэлчээрийн даац хэтэрсэн, малын тэжээл хомсдсон, цаг хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай байна. Бид холбогдох байгууллагуудад санал хүсэлт тавьж, малчдынхаа өвөлжилтөд дэмжлэг болгохоор гурван удаа өвс татан авч ирж борлуулсан. Мөн нэмэлт тэжээл, бусад шаардлагатай зүйлсээр дэмжлэг авахаар холбогдох байгууллагуудад хүсэлт хүргүүлэхээс гадна өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. 
- Энэ онд Дэлгэрхаан суманд ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ?
- Энэ онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум 500 сая төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдахаар төсөвт суугаад байна. Мөн Соёлын төвийн барилгад 40 сая төгрөгийн өртгөөр урсгал засвар, Хэрлэн Баян-Улаан тосгоны цэцэрлэгт 16 сая төгрөгийн урсгал засвар хийгдэнэ. Мөн ДЗМОУБ, “Мобиком” корпорацитай хамтран ЕБС-ийг боловсон 00-д холбох ажлыг гүйцэтгүүлэхээр хүсэлтээ хүргүүлсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын төвийнхөө гэрэлтүүлэг, өнгө үзэмж, сумын ундны усны цэгийг тохижуулах зэрэг ажлыг хийнэ. Үүнээс гадна бид өмнөх жилийн хөрс талхлалтын орлогоосоо Аварга тосонгийн шороон далангийн орчмыг тохижуулах, амрагчдын ая тухтай байдлыг хангах чиглэлээр холбогдох ажлууд хийгдэх юм. 2018 он Дэлгэрхаанчуудын хувьд ажил хөдөлмөр буцалсан, бүтээлч жил болно гэдэгт итгэлтэй байна.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум нь  157,4 мянган га нутаг дэвсгэртэй, тариалан  хадланд  тохиромжтой  37 мянган га  газартай  тал хээрийн  бүсэд оршдог , хангай  хээр хосолсон  нутаг юм.  Улаанбаатар хотоос  зүүн урагш 250 км, Хэнтий аймгаас баруун тийш 125 км-т оршдог. Тус суманд Тосонгийн нуурыг түшиглэн байгуулагдсан Аварга тосон рашаан амралт Жуулчин бааз, Цэргийн госпиталын салбар, Дорноговийн Анагаах Ухааны Сургуулийн амралтын газар, Хүдэр Ус  зэрэг байнгын бөгөөд улирлын чанартай 20 гаруй аж ахуйн нэгж, ХХК үйл ажиллагаагаа явуулж  байна. 
Д.Одонтунгалаг
 

Холбоотой мэдээ