Цэвэрлэх байгууламж барихаар улаан шугамыг тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-07 16:11:52
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд хоногт 3000 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банк, Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд байгуулахаар ажлаа эхэлээ.
Азийн хөгжлийн банк, Барилга, хот байгуулалтын яам, зураг төсвийн болон хяналтын компани, гүйцэтгэгч "Компорт импекс" ХХК-ийн төлөөллүүд 3 дугаар сарын 5-ны өдөр аймгийн удирдлагуудтай уулзан санал хэлэлцсэн байна. Мөн өчигдөр ажлын хэсгээс шинэ цэвэрлэх байгууламжийн улаан шугамыг тавин ажлаа эхлүүллээ. Тус байгууламжийг барихдаа туслах ажилчдыг орон нутгаас авч ажиллуулах, орон нутагт үйлдвэрлэж буй барилгын материалыг худалдан авах тал дээр анхаарал хандуулж ажиллахыг аймгийн Засаг дарга онцлон хүссэн юм.
Цэвэрлэх байгууламжийг 8 тэрбум төгрөгөөр барих бөгөөд 50 мянган иргэн оршин суухад хүрэлцэхүйц инженерийн дэд бүтэц тавих боломжтой болно. Ингэснээр “Шинэ Арвайхээр” суурьшлын дэд бүтцийн асуудал шийдэгдэж, 150 айлын хаус хороолол барих ажлыг эхлүүлэх аж. Цэвэрлэх байгууламжийг 2019 оны 7 сард хүлээлгэж өгөх ёстой ч 2018 ондоо дуусгаж өгөх хүсэлтийг гүйцэтгэгч компанид тавиад байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ