АНУ Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх шийдвэр гаргахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-07 11:24:23
ВАШИНГТОН. /ТАСС/. Өмнөд Солонгосын төлөөлөгчид Умард Солонгост хийсэн айлчлалынхаа үр дүнг хэлэлцэхээр Вашингтонд ирэхээс нааш манай улс Умард Солонгостой шууд яриа хэлэлцээ хийх талаар ярихад бэлэн биш байна гэж АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
 
Хоёр Солонгосын харилцааг сайжруулах хийгээд Умард Солонгос болон АНУ хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын төлөөлөгчид энэ сарын 5-нд Умард Солонгост айлчилсан юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын төрийн тэргүүний тусгай элч Чон Ый Ён болон Үндэсний тагнуулын албаны захирал Со хун нар багтсан билээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчид Умард Солонгост айлчлах үеэрээ тус улсын удирдагч Ким Жөн Унтай Хөдөлмөрийн намын төв байранд 4 цагийн уулзалт хийсэн юм.
 
Айлчлалын үеэр ирэх сард Пхеньянд хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг хийхээр тохиролцсон юм. Түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон хоёр улсын харилцааг хэвийн болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн буйгаа Умард Солонгосын тал илэрхийлсэн билээ. Мөн АНУ-тай яриа хэлэлцээ хийх үеэрээ пуужин болон цөмийн хөтөлбөрөө зогсоохоо Умард Солонгос амласан юм. 

Э.Аянзаяа
Холбоотой мэдээ