Баян-Өлгийн цагдаагийн хамтлаг улсад тэргүүн байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-05 17:21:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас зарласан "Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг" шалгаруулах болзолт уралдаанд Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж.Өлзийтогтох ахлагчтай биеийн тамир, спортын хамтлаг тэргүүн байранд шалгарчээ.

Тус хамтлаг нь Биеийн тамир, спортын тухай хууль болон Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цагдаагийн алба хаагч нарын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор газрын даргын 2009 оны 40 тоот тушаалаар байгуулагдаж байжээ.

Тэрээр 2017 онд алба хаагчдын дунд нийт 25 удаа биеийн тамир, спортын тэмцээн явуулсан,  Увс аймагт зохион явуулсан Баруун бүсийн Цагдаагийн хүрээний аварга шалгаруулах сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын тэмцээнд багаараа дэд байр, Ховд аймагт болсон Баруун бүсийн Цагдаагийн хүрээний аварга шалгаруулах гар бөмбөг, урт болон богино бууны буудлага, бильярдын тэмцээнд тэргүүн байр, аймгийн хууль хяналтын байгууллагуудын дунд явагдсан аварга шалгаруулах тэмцээнд багаараа гутгаар байранд шалгарсан зэрэг амжилтуудаараа дээрх шагналыг хүртэх болзлыг хангасан байна.

Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлагаар шалгарсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын тамирчдыг Биеийн тамир,  спортын газраас спортын хэрэглэл материал, мөнгөн шагналаар шагнаж, энэ сарын 13-ны өдөр Улаанбаатар хотноо гардуулахаар болжээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ