Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Цэнгэл сумын баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-05 14:03:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газраас жүдо бөхийн 2018 оны өсвөр үе, залуучуудын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өлгий хотын  Спорт цогцолборт зохион байгууллаа.

Тэмцээнд аймгийн төв болон хөдөө сумдын ерөнхий боловсролын 14 сургуулийн 250 жүдоч 26 жингийн ангиллаар хүч үзэн зодоглосноос багийн нийлбэр дүнгээр А.Ташкен дасгалжуулагчтай Цэнгэл сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн баг тэргүүллээ. Мөн аймгийн арслан М.Төртулга дасгалжуулагчтай Өлгий сумын хоёрдугаар бүрэн дунд сургууль болон Х.Мейрамбек дасгалжуулагчтай Толбо сумын бүрэн дунд сургуулийн баг тамирчид удаах байруудад тус тус шалгарлаа.

Тус аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн тамирчид энэ сарын сүүлээр Ховд хотод зохион байгуулах "Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн"-д аймгаа төлөөлөн оролцох ажээ.

Ө.Нурболат
Холбоотой мэдээ