Музей үзмэрүүдээ үнэгүй үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-02 11:19:54
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төв гуравдугаар сарын 01-нээс эхлэн музейн үзмэрээ иргэд, олон нийтэд долоо хоногийн хугацаатай үнэгүй үзүүлж эхэллээ.
БСШУСЯ-наас  зохион байгуулж буй "Музейн нээлттэй өдрүүд"-ийн хүрээнд гуравдугаар сарын 01-нээс 08-ныг хүртэл орон даяар музейн үзмэрийг олон нийтэд үнэгүй хүргэж байгаа юм. 1949 онд аймгийн орон нутаг судлах кабинет Сайншандад албан ёсоор нээгдэж үзмэрийн сангаа олон нийтэд дэлгэснээс хойш жилээс жилд баяжуулан эдүгээ зургаан танхимд нийт 6000 гаруй үзмэр дэлгэн тавьдаг болжээ.
Музейн ажилтнууд хэдхэн хоногийн өмнө үзмэрийнхээ гол танхимын нэгийг сэргээн засварлаж эртний аварга сүүн тэжээлтэн, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай сонирхолтой үзмэрээр шинэчлэн баяжуулж олны хүртээл болгожээ.
Энд чулуун болон хүрэл, төмөр зэвсгийн үед хамаарах архелогийн олдворууд  хийгээд  төрт үеийн түүхэнд холбогдох хадны сүг зураг, гэрэлт хөшөө, Чингэс хааны  төрт улсын дагуул цагаан тугийн  эх хувийг  хадгалж  буй гээд  говийн ард түмний аж амьдралыг харуулсан уналга эдэлгээний хэрэгсэл, тэмээн тэрэг сэлтийг дэлгэсэн олон үзмэрүүд бий.
Музейд 150 орчим хосгүй үнэт зэрэглэлд багтах Хүннүгийн үед холбогдох археологийн ховор үзмэрүүд байдгаараа бусад  аймгийн түүхийн музейгээс ялгарах онцлогтой.
Музейн үзмэрийг үнэгүй үзүүлж байгаатай холбогдуулан дунд сургуулийн сурагчид, хамт олноороо ирж өргөнөөр сонирхон үзэж байна.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ