Р.Федерер 5 дахь удаагаа “Оны шилдэг тамирчин”-аар шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-28 14:09:59
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Швейцарийн теннисчин Рожер Федерер Дэлхийн спортын “Лауреус” академийн /Laureus World Sports Academy/ хувилбараар оны шилдэг тамирчнаар шалгарчээ. Шагнал гардуулах ёслол мягмар гарагт Монакод болсон байна.
 
Өдгөө 36 настай Федерер уг шагналыг 5 дахь удаагаа хүртэж байгаа аж. Өнгөрсөн онд тэрбээр Австралийн Нээлттэй тэмцээнд  6 дахь удаагаа, Уимблдоны тэмцээнд 8 дахь удаагаа түрүүлсэн байна. “Оны шилдэг тамирчин” шагналын төлөө Португалын хөл бөмбөгчин К.Роналду, Их Британийн авто спортын тамирчин Льюис Хэмилтон, дугуйчин Крис Фрум, гүйгч Мо Фара болон Испанийн теннисчин Рафаэль Надаль нар өрсөлджээ.   

Оны шилдэг эмэгтэй тамирчнаар Америкийн теннисчин Серена Уильямс шалгарсан байна. Тэрбээр өнгөрсөн онд Австралийн Нээлттэй тэмцээнд 7 дахь удаагаа түрүүлжээ.
 
Харин “Оны онцгой амжилт гаргасан тамирчин” төрөлд Испанийн 38 настай гольфчин Серхио Гарсия ялагчаар тодорсон байна. Тэрбээр өнгөрсөн онд “Мастерс” тэмцээнд анх удаагаа түрүүлсэн аж.
 
Оны шилдэг багаар өнгөрсөн онд “Формула-1” ангиллын уралдаанд Зохион бүтээгчийн цом хүртсэн Германы “Мерседес” баг шалгарчээ.
 
“Лауреус” гэдэг уг шагналыг 1999 онд дэлхийд нэртэй хэд хэдэн компанийн хамтран байгуулсан олон улсын сангаас бий болгосон байна. Шалгаруулалтын эхний шатанд нэр дэвшигчдийг спортын сурвалжлагчид тодруулдаг бол дараа нь тус академийн 50 гишүүний дунд санал асуулга явуулснаар шилдгүүдийг шалгаруулдаг аж.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ