Украины цэргүүдийг бэлтгэж эхэллээ

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-11-24 11:22:29

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид Украины Зэвсэгт хүчнийг бэлтгэж сургах хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг эхлүүлжээ. Энэ үе шатанд тусгай хүчний нэг анги нэгтгэлийг оруулаад хуурай замын цэргийн зургаан батальоныг бэлтгэж, техник хэрэгсэл нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жефф Дэвис мэдээлжээ.

“Энэ бол урт хугацаанд цэргийн шинэчлэл хийж, дотоодын батлан хамгаалах боломжийг бэхжүүлэхэд туслах ёстой цэргийн албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд нь Украины эрх баригчдад тусалж дэмжихэд бидний гаргаж буй хүчин чармайлт юм” гэж Пентагоны төлөөлөгч хэлсэн байна.

Сүүлийн хоёр жилд 265 сая долларын цэргийн тусламжийг Вашингтон Киевийн эрх баригчдад үзүүлсэн болохыг тэрбээр дурджээ.

Украины цэргийн албан хаагчдыг Америкийн “Fearless Guardian” /“Аймшиггүй хамгаалагч”/ хөтөлбөрийн дагуу бэлтгэж сургах аж. 2014 онд эхлүүлсэн уг хөтөлбөрийн эхний үе шатанд АНУ-ын эрх баригчид Украины Дотоод хэргийн яамны бүтцэд ордог Үндэсний гвардын анги нэгтгэлийг бэлтгэсэн бол одоо армийн батальонуудыг бэлтгэж сургана.

Украины цэргүүдтэй Италийн Виченца хотод байрладаг АНУ-ын хуурай замын цэргийн агаар-десантын 173 дугаар анги нэгтгэлийн цэргийн 300 сургагч ажиллана. Таван энгийн батальоныг Львов мужийн Яворовск полигонд, харин тусай хүчний батальоныг Хмельницкий хотод бэлтгэж сургах аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ