Н.Жанарбек: Мал тооллогын А-данс олдохгүй байгаагаас малчдын тэтгэврийг тогтооход хүндрэл үүсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-22 19:26:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-аас гаргасан малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах шийдвэрийн Баян-Өлгий аймаг дахь хэрэгжилтийн талаар аймгийн ЭМНДХ-ийн тэтгэврийн улсын байцаагч Н.Жанарбекээс зарим асуудлыг тодрууллаа. 

- Улсын Их Хурлаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан. Баян-Өлгий аймагт дээрх хуулийн хэрэгжилт ямар шатанд байна?

 - Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж байсан эрэгтэй малчин даатгуулагч 55 насандаа, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил зургаан сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж байсан малчин даатгуулагч эмэгтэй 50 насандаа тэтгэвэр тогтоолгохоор хуульчилсан. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хүчин төгөлдөр болсон. Дээд газраас ирсэн чиглэлийн дагуу малчны тэтгэвэр тогтоох ажил ид өрнөж байна.

Малчдын ажилласан жилийг  яаж тооцож байгаа вэ?

- Сая би хоёр төрлийн хугацаа хэлсэн. Эхнийх буюу нийт ажилласан хугацаа нь 1995 оноос өмнөх ажилласан болон цэргийн алба хаасан хугацаа, 1995 оноос хойших шимтгэл төлсөн хугацаа юм. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд нэмүүлсэн хугацаа, сайн дурын даатгал төлсөн хугацаа бас үүнд хамаарна. 1991 оны долдугаар сараас өмнө нэгдэлд малчнаар ажилласан хүний хугацааг хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр болон улсын архивын сан хөмрөгөөс гаргасан архивын лавлагаа, эсвэл шүүхийн шийдвэрийг үндэслээд тооцож байгаа. 1991 оны долдугаар сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааг хөдөлмөрийн дэвтрийн бичилт, малчны шимтгэл төлсөн тухай баримт, тухайн хугацаанд мал тоолуулж байсан тооллогын баримтыг, 1995 оноос хойших хугацааг нийгмийн даатгалын дэвтэр, мөн мал тооллогын баримтыг тус тус үндэслэн тооцдог.

Баян-Өлгий аймгаас энэ хуулийн хүрээнд төчнөөн малчин шинээр тэтгэвэр тогтоолгоно гэсэн тооцоо байна уу?  

 - 2018 онд аймгийн хэмжээнд 400 орчим малчин тэтгэвэр тогтоолгоно гэсэн урьдчилсан судалгаа гараад байна.

 - Он гарснаас хойш хэдэн малчин тэтгэвэр тогтоолгов?

 - Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 15 малчин тэтгэвэр тогтоолгосон. Түүнчлэн 1000 орчим хүнд зөвлөгөө өгсөн. Тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тоо яагаад бага байгаа вэ гэхээр ихэвчлэн мал тооллогын баримт байхгүй байгаатай холбоотой юм.

 - Сая хөдөө явж байхад иргэд мал тооллогын баримтууд архиваас олдохгүй байгаа талаар ярьж байсан. Гарт нь мал тооллогын баримт байхгүй хүмүүсийн асуудлыг яаж зохицуулж байна?

 - Бидэнд тулгарч байгаа гол бэрхшээл энэ байгаа. Ихэнх сумдад урьд жилүүдийн  мал тооллогын А-данс байхгүй.  Байгаа сумдынх дутуу байна.

 - Олдохгүй байгаа материалуудыг яах вэ?

 - Эрэл хайгуул хийж байгаа. Жил бүр явагддаг мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын маягтаар айл өрхүүдээс мэдээлэл цуглуулж, дараа нь А-дансанд буулгадаг юм байна. Манайд бол мал, тэжээвэр амьтан, хашаа худгийн тооллогын маягт бараг байхгүй. А-данс буюу нэгтгэл данс нь энэ тэндээс олдож байгаа. Энэ бол байнга хадгалагдах ёстой архивын нэгж байна лээ. Холбогдох материал нь огт олдоогүй хүмүүс шүүхэд хандаж шийдвэрлүүлж болно.

 - Аль аль сумдын мал тооллогын А-данс олдохгүй байна?

 - Одоогийн байдлаар архивын материал бүрэн бүтэн байгаа нэг ч сум байхгүй. Дэлүүн, Толбо, Цэнгэл сумдын материал нэлээд байгаа. Бусад сумдын хувьд асуудалтай.

Уг асуудлаар мэдээлэл авах хүсэлтэй хүмүүс хаана, хэнд хандах вэ?

 - Аймгийн 13 сум, 1 тосгонд нийгмийн даатгалын байцаагч нар ажилладаг. Түүнчлэн аймгийн төвд 21 байцаагч байгаа. Иргэд эдгээр хүмүүстэй уулзаж, асууж, өөрт нь байгаа бичиг баримтаа үзүүлэн зөвлөгөө авч хамтарч ажиллах хэрэгтэй. Аймгийн төвд ирсэн хүмүүс манай хэлтэс дээр ирсэн ч болно. Иргэдэд малчны тэтгэврийн асуудлаар зөвлөгөө өгөхөд хэзээд ч бэлэн байна. 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ