Нийслэлийн таван байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх зорилго бүхий Ажлын хэсэг өнөөдөр анхны хурлаа хийлээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан энэхүү ажлын хэсэгт НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн мэдээллийн технологийн газар (НМТГ)-ын дарга О.Чинзориг, Харилцаа холбоо Мэдээллийн технологийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл болон бусад хэлтэс албаныхан багтаж буй юм. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны сонгогдсон таван байгууллагын 55 үйлчилгээг цахимжуулж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх үндсэн үүрэг бүхий Дэд ажлын хэсгүүдийг байгуулах асуудлыг судлахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.
Энэ үеэр НМТГ-ын дарга О.Чинзориг, “Одоогоор Нийслэлийн байгууллагуудын мэдээллийн солилцоо нь ихэнх нь цаасан суурьтай байна. Орчин үеийн хурдацтай өсөн нэмэгдэж байгаа цахим мэдээллийн хэрэгцээг хангах, мэдээллийг хурдан шуурхай солилцох, боловсруулахад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн технологийн цогц шийдлийг оновчтой ашиглах хэрэгтэй. Ингэснээр нийслэлийн ирээдүйн цахим засаглалын суурийг тавих чухал алхам болно" гэлээ.
Ч.Ариунболд