Баян-Өлгийн нийт хүн амын 11,9 хувь нь газраа өмчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-21 14:55:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ. Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хүрээнд Баян-Өлгий аймгийн 12183 иргэн буюу нийт хүн амын  11,9 хувь нь эзэмшил газраа өмчилж авчээ.

Өмчлүүлсэн газрын нийт хэмжээ 1373,1 га байна.  Газар өмчлөх ажилд Өлгий сумын иргэд хамгийн идэвхтэй оролцож байгаа аж. Одоогоор тус сумын 6540 иргэн эзэмшил газраа өмчлөлдөө авсан бол удаах байруудад Цэнгэл /900/, Бугат /757/, Баяннуур /632/, Улаанхус /622/ сумд оржээ. Харин Буянт сум хамгийн сүүлийн байрт явж байгаа бөгөөд 144 иргэн газар өмчилжээ.

Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх ажил 2007 оноос эхэлсэн бөгөөд хуулийн хугацаа нь 2018 оны 5 дугаар сараар дуусгавар болох аж. Тус хуулиар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар аймгийн төвд 0,35 га, сум, тосгонд 0,5 га, нийслэлийг аймагтай холбосон улсын чанартай авто замын дагуух газарт 0,07 га хүртэл газрыг өмчлүүлэхээр заасан юм.  

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас иргэдийг эзэмшил газраа хуулийн хугацаанд багтаан өмчилж авахыг уриалж, сурталчилгааны ажлаа эхлүүлээд байна.

Дашрамд дурдахад, газар өмчлөн авах хүсэлтэй иргэд цахим үнэмлэхийнхээ хуулбар, оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувийн хамт харьяа сумын газрын даамалд хандах ажээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ