Т.Батчимэг давхар их мастерын төлөө бэлтгэлээ базааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-02-20 22:42:58
Хэнтий /МОНЦАМЭ/. Эзэн Чингисийн өлгий нутгаар овоглогдсон шатарчин бүсгүй МУГТ Т.Батчимэг энэ жил шатрын спортын давхар их мастерын төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа гэнэ.

Тэрбээр 2014 онд Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотноо болсон Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран при тэмцээнд оюуны цэцээ сорьж, Эрэгтэй их мастер цолны болзлыг биелүүлсэн. Харин одоо тэрбээр 2018 онд болох дэлхийн шилдэг нээлттэй ангиллын тэмцээн, Дэлхийн шатрын олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байна.
 
Шатрын спорт нь эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалд тусдаа тоглодог боловч оюуны спортын онцлог давуу тал нь эмэгтэйчүүд нь эрэгтэй шатарчидтай өрсөлдөж эрэгтэй цол хүртэх боломжтой байдаг. Эмэгтэй шатарчдын дээд цол нь Эмэгтэй их мастер бол Эрэгтэй их мастер цол нь шатрын спортынхны дээд цол юм.
Эмэгтэй их мастерууд гурван удаагийн норм биелүүлж чансаагаа ахиулсны эцэст Эрэгтэй их мастер цолонд хүрдэг байна. Эрэгтэй олон улсын мастер цолонд хүрэхийн тулд чансаагаа 2400, Их мастер цол 2500, Супер их мастер цол нь 2600 хүргэх шаардлагатай байдаг. Шатарчин бүсгүйчүүд өндөр зэрэглэлтэй тойргийн болон дэлхийн томоохон нээлттэй тэмцээнүүдэд оролцон норм биелүүлж, эрэгтэй их мастеруудыг хожиж эн тэнцүү тоглож буйгаа нотлон харуулснаар эдгээр эрхэм цолонд хүрдэг байна. Үүнд мөн чансааны үзүүлэлт нөлөөлдөг ажээ.
Дэлхийн түүхэнд 70 гаруй бүсгүйчүүд Эрэгтэй олон улсын мастер цолыг хүртсэн байдаг. Харин Монгол Улсаас Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Д.Номин-Эрдэнэ нар Эрэгтэй олон улсын мастер цолыг хүртжээ. Тэдний дараагийн горилж буй цол нь Эрэгтэй их мастерын цол ажээ. Эрэгтэй их мастерын цолыг хүртсэн дөрөвхөн монгол эрэгтэй шатарчин байдаг байна.
Хүндхэн бөгөөд даваа өндөртэй энэ цолыг горилогч Т.Батчимэг хэдийнээ замдаа гарчээ. Тэрбээр шилдэг эрэгтэй, эмэгтэй Их мастеруудын оролцдог “Tradewise Gibraltar 2017” тэмцээнд оролцон тавдугаар өрөгт дэлхийн аварга, Украины Их мастер Мария Музычукийг хожжээ. Хоёр дахь дэлхийн аварга цолтноо дийлсэн Т.Батчимэг 2013 онд дэлхийн гурван удаагийн аварга, Их мастер, дэлхийн чансааг тэргүүлэгч Хоу Ифаныг хожиж байсан билээ. Тав дахь үеийн шатарчин удмын бүсгүй маань 2014 онд Эрэгтэй их мастер цолны нормыг биелүүлсэн анхны монгол эмэгтэй юм.
МУГТ Т.Батчимэгийн өвөө Хан Хэнтийн цуутай хэдэн зохиолчийн нэгэн Батширээт сумын харъяат, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Батын Нямаа билээ.
Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ