Украин юу хийж буйг Орос мэдэхгүй байна

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-24 09:23:02

МОСКВА. /Sputnik/. Крымын эрчим хүчийг сэргээхээр Украин ажиллаж буй эсэх талаарх мэдээлэл Оросын Засгийн газарт байхгүй гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ.

Украины өмнөд нутагт байрладаг, Крым рүү эрчим хүч дамжуулдаг цахилгааны шугамын тулгуурт гэмтэл гарсны улмаас Оросын Хар тэнгисийн хойгт 1.6 сая хүн цахилгаан эрчим хүчгүй байна.

“Арга хэмжээ авсан эсэх, хэзээ үр дүнгээ өгөх болон хэзээ цахилгаан эрчим хүчийг сэргээх талаар бидэнд мэдээлэл байхгүй. Эрчим хүч сэргээх хүсэлтийг бид тавьсан” гэж Песков сэтгүүлчдэд хэлжээ.

Бүс нутгийн дийлэнх хэсэгт эрчим хүч тасарчээ. Крым онц байдал зарлаж, цахилгаан эрчим хүч өөрсдөө үйлдвэрлэх арга замд шилжээд байна.

Крымыг нэг сар эрчим хүчээр хангах 13 хийн турбин цахилгаан үүсгүүрийг худалдаж авсан тухайгаа Оросын Эрчим хүчний яам мэдээлсэн юм. Онц байдлын эрчим хүч, усан хангамж зэргийг Хар тэнгисийн хойгт хүргүүлжээ.

Х.Аминаа

 
 

Холбоотой мэдээ