Словенийн хоккейчин сэргээшийн шинжилгээнд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2018-02-20 18:29:19
ПЁНЧАН. /Би-Би-Си/. Словенийн мөсөн хоккейн тамирчин Зига Жеглич сэргээшийн эсрэг дүрмийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, “Пёнчан-2018” өвлийн олимпийн хотхоныг орхин явахаар болжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өдгөө 29 настай З.Жеглич нь сэргээшийн төрөлд хамаарах “фенотерол” хэмээх астмын эмийг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон гэж Спортын арбитрын шүүх  САШ/ өнөөдөр мэдэгдсэн байна.

Ингэснээр тэрбээр сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн гэх шалтгаанаар Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж буй өвлийн олимпийн XXIII наадмаас хасагдсан хоёр дахь тамирчин болж байна. Тэрбээр Словенийн мөсөн хоккейн шигшээ багийн гол тоглогчдын нэг бөгөөд оролцсон томоохон тэмцээн бүртээ гоол оруулдаг нэгэн аж.

Японы шорт-трек буюу богино зайн тойргийн тэшүүрийн тамирчин Кэй Сайто “Пёнчан-2018”-ын сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн анхны тамирчин болсон юм. Түүнээс авсан шинжилгээнээс сэргээшийн төрөлд багтах “ацеталозамид” хэмээх эмийн бодис илэрсэн гэж САШ мэдэгдсэн билээ.
Г.Доржханд
Холбоотой мэдээ