Угаарын хордлогоос урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажлын хэсэг гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-19 16:36:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн үед ихээр гараад байгаа  угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2018 оны 68 тоот захирамжаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бегжанаар ахлуулан байгуулжээ.

Ажлын хэсэг химийн тархвар зүйн баг байгуулж, ахуйн пийшингийн стандарт, хэрэглээний аюулгүй байдалд үнэлгээ хийх, аюулгүй байдал хангаагүй галлагаатай пийшингийн болон угаарын хийнд өртөж болзошгүй хүн ам, өрх, эрсдэлт бүлгийн тоон судалгаа, зураглалыг гаргаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах ажээ.

Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр тус аймагт 2014 онд гурав, 2015 онд долоо, 2016 онд 12, 2017 онд нийтдээ 25 хүн угаарын хордлогод өртөж,  зугаан хүн нас барсан байна. Уг асуудал 2018 он гарснаас хойш эрс нэмэгдэж, 21 хүн хордож, гурван иргэн амь насаа алджээ. Хордлогод аймгийн төвийн амьжиргааны түвшин доогуур өрхүүд болон хөдөөнөөс ирж түрээсийн байранд амьдардаг иргэд түлхүү өртдөг байна.


Угаарын хордлого ихээр гарах болсон шалтгааныг иргэд сүүлийн жилүүдэд түлшинд хэрэглэж байгаа шигшсэн нүүрс болон пийшин яндангаа дутуу хөөлснөөс болдог хэмээн тайлбарлаж байна. Иймд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нүүрсэнд шинжилгээ хийж, бусад хүчин зүйлсийг судлахаар болжээ.

Ажлын хэсэг хийсэн ажлаа долоо хоног бүр аймгийн удирдлагад танилцуулан нэгтгэж, Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх ажээ.


Ө.Нурболат

Холбоотой мэдээ