Зээлийн хүүг бууруулах арга зам судалж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-11-23 16:00:11

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэлээ.

Тус бүлгийн зүгээс Засгийн газар хугацаа алдалгүй санаачилгатай ажиллаж Эрүүл мэндийн сайдын томилгоог нэн яаралтай хийхийг шаардаж байв. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг МАН-ын бүлэг дэмжихгүй байгаа мэтээр ярьж байгаа нь буруу гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцолж байв. Тэрбээр "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий юу гэвэл бий. Гэхдээ цаг хугацааны хувьд боломжгүй гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг АН-аас Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Х.Баттулга, Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын гишүүд, бие даагч гишүүд, "Шударга ёс" эвслээс Л.Цог гишүүн дэмжихгүй байгаа. Эрх баригч АН өөрсдөө бүрэн дэмжихгүй байгаа" гэлээ.

Өнгөрч буй 2015 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан гарсан УИХ-ын тогтоол болон Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай УИХ-ын 34 тоот тогтоолын хэрэгжилтийг дүгнэх нь зүйтэй гэж тус бүлэг үзсэн байна. Бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Эдийн засгийн хямралын улмаас ард иргэдийн хувиараа авсан зээл их хэмжээгээр нэмэгдсэн. Өндөр настнуудын дийлэнх нь тэтгэврийн зээлтэй, цалин авч нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 700 мянга гаруй иргэдийн 60 орчим хувь нь цалингийн зээлтэй байна. Малчдын 60 хувь нь малчны зээлд хамрагдсан. Тиймээс бид зээлийн хүүг бууруулах арга зам, шийдлийг судалж байна" гэв.

Ц.Нямдорж: Эрүүгийн хуульд ганц үгнээс болж нөхөж баршгүй алдаа гардаг

УИХ-ын хаврын чуулганаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлэг баялаг бүтээгчдэд олон зүйл ангиар хариуцлага хүлээлгэх гэж байгааг эсэргүүцэн завсарлага авсны үр дүнд хариуцлага тооцох зүйл ангийг цөөрүүлж, торгуулийн дээд хязгаар 13 тэрбум төгрөг байсныг 10 дахин бууруулсан гэж Ц.Нямдорж гишүүн энэ үеэр онцолж байв. Гэвч өнөөг хүртэл ажлын хэсгийн түвшинд нэгдсэн байр суурь, ойлголцолд хүрээгүй олон асуудал байгааг хэд хэдэн үндэслэлээр тайлбарлалаа. Тэрбээр "Эрүүгийн хуульд аливаа мөнгөний асуудлыг ярихдаа тооцооны нэгж гэж хаана ч байхгүй зүйл оруулж ирсэн. Энэ асуудлыг ажлын хэсгийн төвшинд дахиж яриагүй, нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Тооцооны нэгжээс татгалзаж өөр хувилбар ярина гэсэн ч одоо болтол өөрчлөөгүй.

Хоёрдугаарт, өнгөрсөн хавар Эрүүгийн хуулийг хэлэлцэж байгаа нөхцөлд Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Шүүх, Прокурор, Өмгөөллийн, Шийдвэр гүйцэтгэлийн тухай гэх мэт хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг давхар хийх ёстой. Ингэхгүй бол сүүлд нь зохицуулж болохгүй нөхцөл байдал үүснэ гэж ойлголцсон. Эдгээр хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг явуулж бүх тохиргоог хийсний дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийнэ, дотоодын ямар нэг зөрчилгүй болгож чадсан тохиолдолд хуулийг эцэслэн батална гэж тохирч, хэлэлцүүлгийг хойшлуулсан. Гэтэл Эрүүгийн хуулиас бусад хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг хийгдээгүй байхад Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх гэж байгааг дэмжихгүй. Ер нь Эрүүгийн хуулийг мэргэжлийн хүмүүс хийдэг, ганц үгнээс болж нөхөж баршгүй алдаа гардаг. Зүгээр нэг санал хураалтаар хийдэг хууль биш гэдгийг цохон тэмдэглэмээр байна" гэлээ.

Н.Гантуяа

Холбоотой мэдээ