ОХУ-д нисдэг тэрэг амжилтгүй газардаж хоёр хүн амь үрэгдэв

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-02-13 01:59:43
Москва /МОНЦАМЭ/.  Энэ сарын 11-ний өдөр Москвагаас хөөрсөн орон нутгийн Ан-148 онгоц осолдож 71 хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ явдлаас хойш нэг хоногийн дараа буюу энэ сарын 12-ны өдөр ОХУ-ын Томск мужид өвчтөн тээвэрлэж явсан Ми-8 нисдэг тэрэг амжилтгүй газардаж хоёр нисэгч амиа алдаж, дөрвөн хүн бэртэв.
Нисдэг тэрэг Томск мужийн Александровское тосгоны ойролцоо ослын буулт хийн бүхэлдээ шатсан байдалтай байхыг аврагчид илрүүлжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд нисдэг тэрэг техникийн сааталгүй, нисэгчид туршлагатай, цаг агаарын байдал таатай байсан хэмээн “Авиапредприятие Ельцовка” компанийн ерөнхий захирал Евгений Хитров мэдэгдлээ. Дашрамд дурдахад энэ сарын 11-ний өдөр Москва мужид осолдсон АН-148 зорчигч тээврийн онгоцны хар хайрцаг хоёулаа бүрэн бүтэн олдсон бөгөөд ослын шалтгааныг тогтоох ажил эхэлсэн. Одоогоор цаг агаарын таагүй байдал, нисэгчдийн алдаа болон техникийн саатал зэргээс онгоц осолдсон байж болзошгүй гурван шалтгааныг шинжээчид дэвшүүлээд буй юм. Осолдсон онгоцны зорчигчид "Альфа страхование" даатгалын байгууллагаар даатгагдсан байсан учир тус компаниас зорчигч бүрийн ар гэрт хоёр сая рубль, ажил үүргээ гүйцэтгэж явсан нисэх багийн гишүүдийн ар гэрт гурван сая рублийн нөхөн төлбөр олгох аж. Түүнчлэн Оренбург болон Москва мужийн захиргаа амь үрэгдэгсдийн ар гэрт мөнгөн тусламж олгож, тэдний банкны зээл, сургалтын төлбөр зэрэг нийгмийн асуудалд хөнгөлөлт үзүүлэх аж. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Тээврийн Яам бүх АН-148 загварын онгоцны нислэг үйлдэх эрхийг түдгэлзүүлж болзошгүй байна.
Л.Нандиа
Холбоотой мэдээ