Сар шинийн баярт зориулсан барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-02-12 18:42:58
 Увс /МОНЦАМЭ/. Арвандолдугаар жарны "Тийн унжлагат" хэмээх "Шороон Нохой" жилийн сар шинийн баярт зориулсан "Нийтийн Монгол" бөхийн барилдаан өчигдөр 13 цагаас Аймгийн Биеийн тамир, спортын газрын хуучин зааланд болж өнгөрлөө.
Барилдаанд 32 бөх хүч сорьсноос Увс аймгийн Тэс сумын харъяат, “Баруун бүсийн эрчим хүчний систем” Төрийн өмчит ХК-ийн бөх Д.Гантулга түрүүлж, Улаангом сумын харъяат Залуу бөх Д.Мягмар үзүүрлэлээ. Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулагддаг "Аваргын гараа" чөлөөт бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн Спортын ордонд болж,  17 багийн 200 гаруй өсвөрийн тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тэрчлэн Улаангом сумын “Багачуудын ертөнц” цэцэрлэгээс зохион байгуулсан Аймгийн арслан Б.Бадарчийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан цэцэрлэгийн насны 64 бөхийн барилдаан өчигдөр болжээ. Тус барилдаанд тавдугаар цэцэрлэгийн Б.Мөнгөнбаатар түрүүлж, нэгдүгээр цэцэрлэгийн Д.Нэргүйбаатар үзүүрлэсэн байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ