Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөрийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-31 18:16:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр “”Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр болон хөтөлбөрийн хүрээнд байгуулах үйлдвэрийн байршил, чиглэлийг баталлаа.

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 3.7 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд Хөрөнгө оруулалтын хөтөлбөр, жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх болжээ. Хөтөлбөр нь орон нутгийн онцлог, нөөцөд суурилан дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Хөтөлбөр уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад салбарыг хамрах бөгөөд эхний шатыг 2018-2019, хоёрдугаар шатыг 2019-2020 онд хэрэгжүүлэх юм байна.

Хөтөлбөрийн талаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхны хувьд маш чухал хөтөлбөрийг өнөөдөр баталлаа. Засгийн газрын 2016-2020 он хүртэлх Мөрийн хөтөлбөрт тусгагдсан уг хөтөлбөрийг баталснаар 21 аймагт 100 үйлдвэр байгуулагдана. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, хүнсний орон, экспортын орон болох зорилгоо биелүүлэх бөгөөд ажлын байр нэмэгдэж, малчин, тариаланчдын өрхийн орлого нэмэгдэх юм" гэлээ. 
 
Холбоотой мэдээ