Анжелина Жоли Ойрхи Дорнодод үүссэн мөргөлдөөнийг зогсоохыг уриаллаа

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-30 15:02:40
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ойрхи Дорнод дахь Сирийн дүрвэгсдийн хуаранг эргэх, Ойрхи Дорнодын тус улсад үүссэн зэвсэгт мөргөлдөөнд цэг тавих арга зам эрж олохыг АНУ-ын жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд уриалжээ. НҮБ-ын сайн санааны элч болох А.Жоли өнгөрсөн ням гарагт Иордан улс дахь дүрвэгсдийн Заатари хуаранд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ Сирийн иргэдийн эрх ашгийг анхаарч, тус улсад үүссэн хямралыг зохицуулахыг уриаллаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчийн туслах мэдээлэв.
 
Тэрбээр хэлэхдээ “Энгийн ард иргэд рүү халдаж, тэр дундаа эрүү шүүлт, химийн дайралт хийх үйлдлийг шийтгэхгүй өнгөрөөх явдал ноёрхвол Сирид амар амгалан байдал тогтохгүй. Сирийн дүрвэгсдийн хуаран болон хотууд дахь тэдний оршин суудаг газруудад очиж, мөргөлдөөнийг зохицуулахын тулд НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэг нэр хүнд, эрх мэдлээ ашиглах арга зам эрж олохыг Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд би уриалж байна. Сирийн дүрвэгсдэд тохиож буй гай зовлонг арилгаж, тэдний үүрч буй ачааг хөнгөлж, гэртээ харих нөхцөлийг бүрдүүлэх цорын ганц арга зам бол Сирид улс төрийн үйл явцыг эхлүүлэх явдал юм” гэжээ. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ