Монголчуудын дуу хоолой

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-01-26 20:06:24
ЗӨВ ЦАГТ МЭНДЭЛСЭН НЬ...

Шоу бизнес бол зөвхөн театрт төдийгүй гудамж талбайд зохиогдох боломжтой, энгийн, олон нийтэд ил нээлттэй, тэдний нийтлэг эрх ашиг, урлаг, гоо сайхны таашаал, соёлын эрэлт хэрэгцээнд нийцтэй баяр, цэнгүүний түгээмэл шинжийг өөртөө агуулсан байдаг. Тухайн улс дэлхийн хүчирхэг гүрэн болоход нөлөөлөх чухал хэдэн зүйлийг нэг нь энэ юм.

Монгол Улс ардчилал чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээр шоу бизнес гэдэг нэгэн шинэ бие даасан бизнес ойлголт бий болсон. Мөн хамтлаг дуучид 2000 он хүртэл монголын шоу бизнест олон брэнд бүтээгдэхүүнүүд нэмсэн билээ.

21 дүгээр зуунд дэлхий дахины улс орнуудын түвшин,  хөгжлийн хурдац, орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлж буй шалтгаан болон цаашид ч нэвтрүүлэх чиглэлтэй уялдан хүмүүсийн чөлөөт цаг их хэмжээгээр нэмэгдэх хандлага үүссэн. Ихэнх зүйлс хялбарчлагдсан гэж ч хэлж болохоор. Энэ нь шоу бизнесийн зах зээл улам тэлэхийг харуулж буй үйл явдал. Үүнээс үзэхэд бид монголчуудын уламжлалт соёл урлагтай хосолсон шинжлэх ухааны ололт амжилт, техник технологийн дэвшлийг ашиглан мэргэжлийн өндөр түвшинд шоу урлагийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хүмүүсийн чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрүүлэх тэмцээн уралдаануудыг хийх шаарлагатай болсон билээ.

Өдгөө бид энэхүү тэмцээн уралдаануудаас олон жилээр ард үлдсэн тухай шүүмжлэлд өртөж, “UBS”-ийн уралдаант тэмцээнүүд ард түмний сэтгэлийг хөглөж, сонирхлыг татахаа нэгэнт больжээ. Харин тэр үед “Яг түүн шиг” /Боловсрол суваг/, “Авьяаслаг Монголчууд” /Монгол HD/ зэрэг шоу нэвтрүүлгэ зохион байгуулагдаснаар дугаар болгон нь хүмүүсийн анхааралд өртөж, олон нийтийн ярианы халуун сэдэв болж байв.

Харин хэдэн долоо хоногийн өмнөөс  дэлхийд алдартай “The Voice” шоу Монголд анх удаа, албан ёсны онцгой эрхтэйгээр зохион байгуулагдахаар болж “Монгол HD” телевизийн хамт олон ажилдаа хэдийн орсон нь хүлээлт үүсгээд байсан билээ.

ХҮЛЭЭЛТЭЭС ДАВЖ ЧАДСАН ЭХЛЭЛ

“The Voice” шоу нь Голланд улсаас гаралтай телевизийн шоу нэвтрүүлэг бөгөөд 2010 онд анх зохиогдосноос хойш дэлхийн 62 оронд амжилттай зохион байгуулагдсан. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, чанар, чадвар” гурвын төгс хослолоос бүрддэг гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл дуулахыг мөрөөдөгсөд бус жинхэнэ дуулах авьяастай нь тус нэвтрүүлэгт оролцоно гэсэн үг.



Ингээд “The Voice of Mongolia” эхэлж үзэгчдэдээ хүрэв. Монголчуудын хүлээлт ч тайлагдлаа. Тус шоуны арын ажилчдад хамгийн түрүүнд баяр хүргэх хэрэгтэй мэт санагдана. Учир нь зохион байгуулалт, тайз засалт, гэрэл, дуугаралт, үзэгчид болоод оролцогчдын ар гэрийнхэн, хөтлөгчид зэрэгт өөлөх юм байсангүй. Тэр бүү хэл аливаа шоу нэвтрүүлгийн эхний дугаараас л үзэгчид шүүгчдийн сайн мууг хэлэлцэж мэтгэлцдэг. Харин “The Voice of Mongolia” тэмцээний шүүгчид үзэгчдэд ихэд таалагдаж буй нь эхний дугаараас л харагдаж байсныг онцлох нь зүйтэй.

Шоуны эхний шатанд шүүгчид зөвхөн оролцогчдын дуу хоолойг л сонсож сонгодог тул тухайн оролцогчийн нас хүйс, царай зүс энд огтхон ч хамаагүй гэдгээрээ тус тэмцээн олон зуун сая хүний итгэлийг хүлээсэн юм. Тиймээс энэ бол зөвхөн авьяас, чадвар, мэдрэмжээр нь дүгнэх цэвэр, шударга шалгаруулалт юм. Тийм учраас эхний шатны шалгаруулалтыг “Blind Audition”хэмээн нэрлэдэг байна.

Шоуны эхний шатанд шүүгчид оролцогчдын дуу хоолойг сонсоод “Баззер”-аа дарж суудлаа эргүүлдэг. Ингэснээр тус оролцогч шоундаа тэнцлээ гэсэн үг. Тэнцсэн оролцогч хэдэн шүүгч эргэж харснаас хамаарч аль шүүгчийн багт орохоо өөрөө шийддэг. Тиймээс зөвхөн оролцогчдын төдийгүй шүүгчдийн хоорондын өрсөлдөөн байдаг. Шүүгч бүр эхний шатнаас 16 оролцогчийг сонгон баг бүрдүүлж хоорондоо өрсөлдөнө. Тийм учраас хүчирхэг, авьяаслаг оролцогчийг өөрийн багт оруулахын тулд шүүгчид юу ч хийхээс буцахгүй.

Иймээс тус тэмцээнийг албан ёсны эрхтэйгээр зохион байгуулахыг олон үзэгч, басхүү нуугдмал авьяастнууд /оролцогч дуучид/ хүлээж байсан нь лавтай. Харин шоу зохион байгуулалтынхаа хувьд үзэгчдийн хүлээлтийг давж чадлаа.

Эхний дугаарын хүчтэй өрсөлдөгчид хэн байсан байв гэдгийг үзэгчдийн санал сэтгэгдэлийн дагуу тодруулах гээд үзье. Ер нь тус тэмцээний оролцогчид гадаад дуу ихэвчлэн сонгож дуулж буйн учир хүмүүс “монгол дуу”-гаа сонгосон оролцогчийг илүүтэй дэмжих хандлага үүсч байгаа нь анзаарагдана.

Тиймдээ ч “Орь залуу” нас дууг дахин нэг өвөрмөцөөр амьдруулж чадсан Монгол Улсын консерваторд суралцаж буй Сэлэнгэ нутгийн авьяаслаг охин Г.Бүрэн-Ирээдүй тус шоуны эхний дугаараас онцлох ёстой дуучдын нэг яах аргагүй мөн юм. Дараагийн шатанд С.Ононбат шүүгч түүнийг хэрхэн яаж өөрчлөхийг бид хүлээх л үлджээ.

Мөнхүү МУГЖ Б.Сарантуяагийн шавь, Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуянг онцлох нь зүйн хэрэг. “Дуучин хүн байж тэмцээнд оролцлоо” гэх шүүмжлэл олны зүгээс хүртэж, хүмүүсийн дунд мэтгэлцээн өрнүүлээд ч амжсан билээ. Үнэхээр иймэрхүү шоу нэвтрүүлгүүд нуугдмал авьяастай нэгнийг олж нээн, илрүүлэх зорилготойгоос бус мэргэжлийн дуучны карьерийг өсгөх зорилготой бус нь хэнд ч илэрхий.

Тэднээс гадна Т.Наранхүү, Ц.Баяржаргал, Г.Мөнх-Эрдэнэ, Э.Буянгэрэл зэрэг оролцогочид өвөрмөц хоолой, ур чадвараараа онцгойрч байсныг тэмдэглүүштэй.  

АРВАН МЯНГА БУС АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ

“The Voice of Mongolia” шоуны урьдчилсан шатны шалгаруулалтанд 2000 гаруй авьяастан оролцож тэднээс шилдэгт шалгарсан 100 гаруй оролцогч нэгдүгээр шатны шалгаруулалтанд оролцох боломжтой болсон гэнэ. Ялагч нь дэлхийн дуу хөгжмийн салбарын хамгийн том төлөөлөгч болох “Universal music group”-тэй уран бүтээлийн гэрээ байгуулан хамтран ажиллах боломжийг гартаа оруулах анхны монгол дуучин болох юм.

Тиймдээ тус шоуны ялагчийг арван мянган монголчууд бус ард түмэн /3 сая/ хүлээж буйд итгэлтэй байна.

Харин нэг зүйлийг өгүүлэхэд бид монгол ардын сайхан үлгэрүүдээс илүүтэй Буратиногийн адал явдалд дурлаж, Питер Пэнийг сонсч ямар нэгэн баатарлаг үйлс бүтээхийг илүүтэй үздэг байв. Учир нь тэд сониуч зан хөдөлгөх ид шид, баатарлаг хөнгөн үйл явдлаар дүүрэн. Харин ардын үлгэрүүд сургамж ихтэй учир өсвөр насныханд илүүтэй тохирдог.



Ийм ч учраас шоу бизнес ч ялгаагүй хүн бүхнийг соёл урлагаар гэгээрүүлэхээс илүүтэй үзэгчдийн анхаарлыг татаж, шинэ содон авьяастнуудыг нээх нэгэн төрлийн хөнгөн зугаа маягийн зүйлд төвлөрдөг. Энэ нь харин ч зөв үйл хэрэг бөгөөд “The Voice of Mongolia” нэвтрүүлэгт өрсөлдөж байгаад ялагдсан, өөрийн дотроо үнэлж байсан оролцогчоо дараа нь бид өөрсдөө дэмжиж чадвал энэ л монголчуудын ялалт билээ.
 
Тоймч: Б.Алтанхуяг
 
 
 
Холбоотой мэдээ