Уруу царайт Грампи муур нөхөн төлбөр авчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-25 16:22:35
МОСКВА. /Би-Би-Си/. Ер бусын уравгар төрхөөрөө цахим ертөнцөд алдаршсан Грампи муур АНУ-ын Калифорни муж улсын холбооны шүүхэд зохиогчийн эрхийг зөрчсөн тухай нэхэмжлэл гаргаснаар 710 мянган ам.долларын нөхөн төлбөр авчээ.

Грампи муур Сан-Франциско хотын "Хатагтай Тюссо" музейд байдаг чихмэлтэйгээ хамт 

 
Америкийн “Grumpy Cat Limited” компани уравгар царайт муурны зургийг ашиглах тухай гэрээг зөрчсөн гэсэн үндэслэлээр “Grenade” кофены компанийн эздийг шүүхэд өгчээ. “Grenade” компани бухимдсан царайтай Грампи муурны зургийг өөсрдийн "Grumppuccino" шингэн бүтээгдэхүүнийг борлуулахад ашиглах эрхтэй байсан юм. Гэсэн хэдий ч үүний хажуугаар тэд муурны зурагтай бусад “Grumpy” бүтээгдэхүүнийг борлуулж байжээ.
 
Грампи муурны жинхэнэ нэрийг Тардар Соус гэдэг бөгөөд 2012 онд түүний зураг цахим ертөнцөд үзэгдэх болсноос хойш тэрбээр супер алдартан болсон юм. Ник болон Пол Сэндфорд хэмээх эцэг, хүү хоёрын эзэмшдэг “Grenade Beverage” компани 2013 онд савлагаан дээрээ уруу царайлсан Грампи муурны зургийг тавьсан хүйтэн кофе ундааг борлуулахаар 150 мянган ам.долларын гэрээ байгуулсан байна.  Гэсэн хэдий ч “Grumpy Cat Limited” компани гэрээний нөхцөлийг зөрчсөн гэсэн үндэслэлээр 2015 онд “Grenade Beverage” компанийг шүүхэд өгсөн байна.

Харин кофены компанийн эзэмшигчид “Муур болон муурны эзэд телевиз болон олон нийтийн сүлжээгээр өөсрдийнх нь брэндийг сурталчлаагүй учраас гэрээгээ биелүүлээгүй. Түүнчлэн Грампи муурыг холливуудын алдарт жүжигчин Уилл Феррелл болон Жек Блэк нарын тоглох кинонд оролцуулна гэсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр муурны эздийг буруутгасан юм.
 
Гэсэн хэдий ч шүүхийн шийдвэр муур болон муурны эздийн талд гарсан байна. Барааны тэмдэг, зохиогчийн эрхийг зөрчсөнөөс учирсан хохиролд 710 мянган ам.доллар, гэрээг зөрчсөний улмаас учирсан хохиролд 1 ам.долларын нөхөн төлбөр олгох тухай шийдвэрийг шүүх гаргасан аж. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ