Орос, Египет атомын станцын гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-20 16:12:55

КАИР. /Xinhua/. Оросын зорчигч тээврийн нисэх онгоц Египетэд осолдоод удаагүй байхад Египетэд атомын цахилгаан станц барих гэрээнд хоёр улс гарын үсэг зурлаа.

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси оролцсон ёслолын ажиллагааны үеэр тус Арабын оронд атомын станц барих гэрээнд хоёр улс гарын үсэг зурсан тухай Египетийн телевиз мэдээллээ.

“Цахилгаан эрчим хүч гаргаж авах энхийн цөмийн хөтөлбөр бөгөөд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг Египет бүрэн даган мөрдөх болно” гэж Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа хэлжээ. Мөн атомын цахилгаан станцтай болох нь “Египетийн мөрөөдөл” гэж тэрбээр тайлбарлав.

Египетийн эргийн Матрух мужийн Дабаа хотод атомын цахилгаан станц байгуулахаар Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси болон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар 2 дугаар сарын эхээр зөвшилцсөн байна.

Египетийн Синайн хойгт Оросын зорчигч тээврийн онгоц осолдож, 224 хүний амь үрэгдэж, хэдэн долоо хоногийн дараа уг онгоц тэсрэх төхөөрөг дэлбэрснээр унасан гэдгийг Москва хүлээн зөвшөөрсний дараа уг гэрээг байгууллаа.

Египетийн аялал жуулчлалын салбар уналтад ороход онгоцны осол хүргэсэн юм. Цаашлаад аюулгүй байдлын үүднээс Египетийн Улаан тэнгисийн амралтын хот болох Шарм-эль-Шейхийн нислэгээ цуцалж, иргэдээ нүүлгэн шилжүүлсэн Их Британи, Орос улсад ч уг осол нөлөөлсөн билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ