Ч.Сайханбилэг: Шөнийн цагийн тарифыг дахин 50 хувь бууруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-20 15:14:52

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөв. Эхний асуултыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тавьснаар мэдээллийн цаг эхэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Улсын төсвийн хэмнэлтийн хаанаас хийх вэ гэсэн асуудал гарч байна. Эдийн засаг өсөлттэй жилүүдэд бид оффисын барилга олноор барьсан. Иймд байгууллагуудыг нэгтгэж, илүү барилгыг цэцэрлэг болгох хэрэгтэй байна. Олон том барилгуудын урсгал зардлыг төсөв даахаа байлаа, иймд барилгуудад аудит хийх шаардлагатай байна. Энэ тал дээр Засгийн газар ямар ажил зохион байгуулж байна вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, С.Одонтуяа гишүүн энэ асуудлаар асуулга ирүүлсэн. Одоогоор 5-6 барилгын асуудлыг шийдээд байна. ЗГХЭГ болон холбогдох байгууллагуудад энэ чиглэлийн үүргийг өгсөн.

УИХ-ын гишүүн С.Оюун, Ерөнхий сайд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог ахалдгийн хувьд асуух асуулт байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог хэдэн удаа хуралдуулав. Агаарын бохирдлыг бууруулахад газын түлш ашиглана гэж та өмнө нь телевизээр ярьсан. Бага багаар чиглэл чиглэлийн ажил хийхгүй бол өргөс авсан юм шиг агаарын бохирдол арилах шинж алга. Өнгөрсөн өвөл нарийн ширхэгтэй тоос тоосонцорын хэмжээ маш их буурсан. Зөнд нь орхилгүй ажиллах шаардлагатай байна. Энэ тал дээр юу гэж үзэж байна вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Энэ жилийн төсөвт агаарын бохирдолд 5 орчим тэрбум төгрөг тусгасан. Агаарын бохирдлын үндэсний хороо цаг хугацаандаа хуралдаад явж байна. Хийн хэрэглээнд шилжүүлэх, орон сууцжуулах гэсэн хоёр зорилтыг тавьж ажиллаж байна. Энэ хоёр ажил 1-2 жилд хэрэгжинэ гэж байхгүй.

Урьд жилүүдэд дулаалга тараах, станц байршуулах, утаагүй зуух тараах ажлыг хийж байсан. Энэ жил 3 ажил хийнэ. Нэгдүгээрт, хийн үйлдвэрийн ажлыг үргэлжлүүлнэ. Мөн шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг анхааралдаа аваад ажиллаж байна. Гуравдугаарт, шөнийн цагийн тарифыг дахин 50 хувь буурахаар ажлаа чиглүүлээд байна.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг, С.Оюун гишүүнийг тус салбарын сайдаар ажиллаж байсан 2013-2014 онд агаарын бохирдлыг бууруулахад амжилт гарсан. Иймд өнөөдөр эдийн засаг саарсан ч тэр амжилттай үеэс бууруулахгүй байхаар ажиллаж байна. Орон сууцжуулах, хийн хэрэглээнд шилжүүлэхээс гадна салбарын яам Туул голын орчимд хөв цөөрөм байгуулахаар ажиллаж байна. Томоохон хэмжээний сан байгуулвал агаарын чийгшилд ихээхэн өөрчлөлт орно. Ойрын хугацаанд хилийн цэргийн ... дугаар ангийг хийгээр галлах ажлыг эхлүүлнэ. Сайдын багц дээр тавьсан 5 тэрбум төгрөгийг оновчтой зарцуулах асуудлыг ярилцаад хамгийн гол гэсэн хэсэгт чиглүүлж ажиллахаар болсон гэв. Үүгээр Ерөнхий сайдын мэдээллийн цаг өндөрлөлөө.

Б.Туул

Холбоотой мэдээ