830 сая төгрөгөөр хүүхдийн дотуур байр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-01-24 12:20:28
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сум энэ жил 60 хүүхдийн багтаамжтай сургуулийн дотуур байр барихаар төлөвлөжээ.
Дотуур байр барихад нийт 830 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 380 саяыг тус сумын Цагаан суваргын ордыг эзэмшиж байгаа “МАК” ХХК гаргах бол үлдсэн хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргахаар болжээ.
Тус сумын сургуулийн хүүхдийн дотуур байр 40 гаруй жилийн өмнө  цэргийн зориулалтаар баригдсан чулуун байшин байдаг бөгөөд  хуучирч муудан эдэлгээ нь дууссан байна. Дашрамд дурдахад тус суманд 2001 оноос хойш шинэ барилга огт баригдаагүй аж.
Сумын соёлын төвийн барилга 1960 онд баригдсан бол хүүхдийн цэцэрлэгийн барилгыг Цэдэнбал Филатовагийн санаачилгаар 1967 онд барьж ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл ашиглаж иржээ.    
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ