Пакистан: Терроризмыг лалын шашинтай холбож болохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-20 13:24:54

ИСЛАМАБАД. /IRNА /. Терроризмыг лалын шашинтай холбож болохгүй гэж Пакистан илэрхийлээд, ялангуяа Парисын халдлагын дараа Баруунд үүсээд буй лалын шашинтнаас айх үзэгдлийг эрс буруушаав.

129 хүний аминд хүрсэн Парисын халдлагын дараа лалын шашинтнаас айх үзэгдэл ялангуяа Баруунд дэлгэрч буй асуудлыг Пакистаны Гадаад хэргийн яамны төлөөлөгч Кази Халилуллах долоо хоног тутмын хэвлэлийн хурал дээр хөндсөн байна.

“Терроризмыг аль ч ариун шашинтай холбон ойлгож болохгүй. Лалын шашин бол энх тайван, эв найрамдлын шашин. Лалын шашинтнаас айх үзэгдлийг бид эрс буруушааж байна” гэж Кази Халилуллах хэлсэн юм.

Пакистан Улсад “Лалын улс” заналхийлсэн эсэх талаар тэрбээр “Пакистан улсын тусгай хүчин, тагнуулын агентлагууд “Лалын улс”-ын аюулыг бүрэн ойлгож байгаа. Гэвч Пакистанд террорист бүлэглэлийн ул мөр байхгүй” гэж мэдэгдэв.

“Терроризмтой хийх тэмцэлд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажилласаар ирсэн бөгөөд Пакистаны газрын хөрснөөс терроризмыг арчин хаях болно” гэж Халилуллах хэлсэн байна.

“Пакистан Улс Афганистаныг ахан дүүгээ гэж үздэг бөгөөд тус улсад энх тайван, нэгдэл авчрахыг дэмжсээр ирсэн, дэмжсээр байх болно” гэж нэмж хэлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ