Гайдарын 1X форум Москва хотноо болж байна

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-01-19 00:01:24
Москва /МОНЦАМЭ/.“Орос ба дэлхий дахин: Зорилго ба үнэт зүйлс” буюу "Гайдарын  1Х форум"  олон улсын эдийн засаг, эрдэм шинжилгээний хурал энэ сарын 16-18-ны өдөр Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Оросын Ардын Аж ахуй, Төрийн албаны академид болж байна. 
 
Энэхүү  форумыг ЗХУ-ын нэрт эдийн засагч, эрдэмтэн Егор Гайдарын дурсгалд зориулж 2010 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм. Форумын гол зорилго олон улсын эрдэмтэн судлаачдыг нэг дор цуглуулж, дэлхий нийтэд тулгамдаад буй эдийн засгийн асуудлыг шийдэх гарцыг эрэх, ОХУ-ыг дэлхийн эдийн засгийн хэлэлцүүлгийн төв болгоход оршиж буй ажээ.
 
Энэ удаагийн хуралдаанд гадаад дотоодын 650 гаруй илтгэгч оролцож байна. Түүнчлэн бизнес, эдийн засаг, улс төр, нийгмийн салбарын 15 мянга гаруй  төлөөлөл оролцож буй нь өмнөх жилүүдээс 1,5 дахин нэмэгджээ.
 
Хуралдааны нээлтэд  ОХУ-ын Засгийн Газрын тэргүүн Д.Медведев, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ажлын алба, гадна дотны томоохон зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит Оросын Ардын Аж ахуй, Төрийн албаны академийн ректор В.А.Мау нээж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины мэндчилгээг  уншиж танилцуулав. “Гайдарын форум”-ын ач холбогдлыг өндрөөр үнэлж, хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн шинэ санал, санаачлагыг бодит ажил хэрэг болгох нь чухал ач холбогдолтойг мэндчилгээндээ онцлов.  
 
Тус форумын “Зорилго ба үнэт зүйлс” өргөтгөсөн хуралдааны үндсэн илтгэлийг ОХУ-ын Засгийн Газрын тэргүүн Д.Медведев тавив. Тэрбээр илтгэлдээ ОХУ аливаа хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа хүний үнэ цэнэ, үнэт зүйлийг нэн тэргүүнд тавьдаг  болохыг онцлоод орчин үеийн ямар ч дэвшилтэт технологи хүн төрөлхтөний үнэ цэнийг орлох боломжгүйг тэмдэглэв.
Л.Нандиа 
Холбоотой мэдээ