Хятадын ГХЯ: Олон улсын хүчин чармайлтыг сүйтгэж байна

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-01-18 23:46:58
 Бээжин /МОНЦАМЭ/. АНУ болон Канад улс хамтран Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг авч хэлэлцэхээр 20 орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг өнгөрөгч мягмар гаригт зохион байгуулсан билээ. Уг хуралд Солонгосын дайнд цэргээ илгээж байсан орнууд оролцсон юм.
Тэгвэл өчигдөр БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан “АНУ, Канад тэргүүтэй улсын хийж байгаа энэхүү зүйл нь “хүйтэн дайн”-ы сэтгэхүйтэй” хэмээн шүүмжлэв. 
Тэрээр “НҮБ-ын арми бол “хүйтэн дайн”-ы үеийн бүтээгдэхүүн ба нэгэнтээ хоцрогдсон. Энэ нь олон улсын нөхцөл байдлыг хуваагдуулах, оновчтой арга замаар Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтыг сүйтгэхээс цаашлахгүй” гэв.
Лу Кан цааш хэлэхдээ “Солонгосын хойгийн асуудал дээрх Хятад улсын байр суурь өөрчлөгдөөгүй. Хятад улс анхнаасаа Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй, энх тайван тогтвортой байдлыг хангах, хэлэлцээний аргаар асуудлыг оновчтой шийдвэрлэхийг дэмжсэн байр суурьтай байгаа. Уг асуудлыг шийдвэрлэх гол зам суваг бол 6 талын уулзалт буюу НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх юм. Манай тал өмнө нь олон удаа илэрхийлж байсанчлан, Солонгосын хойгийн хамгийн чухал зүйл бол аюулгүй байдлын асуудал. Тиймээс зөвхөн яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэж талуудын аюулгүй байдлыг хангах нь зүйтэй. Одоогоор хойд өмнөд хоёр тал аажмаар яриа хэлцэл хийх замдаа орж байгаа ч хойгийн байдал эгзэгтэй хэвээр байгаа тул талууд хоёр Солонгосын харилцаа сайжрахад дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэлээ.  
А.Анхбаяр
 
Холбоотой мэдээ