Палестины 3500 иргэн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-20 11:38:18

НҮБ. /TASS/. Иордан голын Баруун эрэгт болон Газын зурваст болсон мөргөлдөөний улмаас сүүлийн долоо хоногуудад Палестины 11 иргэн амиа алдаж, 3500 гаруй хүн шархадсан тухай Ойрхи Дорнодын энхийн үйл явцыг хариуцсан НҮБ-ын тусгай зохицуулагч Николай Младенов тус бүс нутгийн байдлыг зохицуулах асуудлыг хэлэлцдэг Аюулгүйн Зөвлөлийн сар тутмын хуралдааны үеэр мэдээлжээ.

Түүний хэлснээр, Израилын талаас зургаан хүн амиа алдаж, 36 хүн гэмтэж шархадсан байна. Сүүлийн саруудад палестинчууд нийтдээ хүйтэн зэвсэг болон галт зэвсгээр, түүнчлэн явган зорчигчийг машинаар дайрах зэргээр Израилийн иргэдэд нийтдээ 35 удаа халдсан байна. “НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдээллээр, сүүлийн долоо хоногуудад Иордан голын Баруун эрэгт болон Газын зурваст Палестины 11 иргэн амиа алдаж, 3500 гаруй хүн шархадсан” гэж Младенов хэлсэн байна.

Тэрбээр мөн “хүчирхийллийн голомт” сүүлийн өдрүүдэд Иерусалимынхтай адил лалын шашинтнууд ч еврейчүүд ч хүндэтгэлтэй ханддаг сүмүүд байдаг Хеврон хот руу шилжсэн болохыг онцлон тэмдэглэжээ. Хевронд НҮБ-ын төлөөлөгчид удахгүй айлчилж, тус хотын эрх баригчидтай түгшүүртэй байдлыг намжаах хүчин чармайлтын талаар хэлэлцэх гэж байгааг Младенов мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ