Дөрвөн төрлийн хорт хавдрын үзлэг, оношилгоог хуульд тусгахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-18 16:20:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж, олонхийн саналаар дэмжлээ. УИХ-ын гишүүн О.Дамба-Очирын санаачилж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд зорилтот бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг хамруулж, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх шаардлагын үүднээс боловсруулсан юм. Тэрбээр хэлэлцүүлгийн явцад гишүүдийн асуултад хариулсан тайлбартаа "Энэ хуульд ходоод, элэг, уушги, умайн хүзүү гэсэн дөрвөн төрлийн хорт хавдар орж ирж байгаа. Хамгийн гол нь кампанит ажил өрнүүлэхгүй бол хорт хавдар туссан гэдгээ хүмүүс сүүлд мэдэж байна. Тиймээс эрт илрүүлэх чиглэлээр хуульчилж өгөх шаардлагатай байгаа юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн хүрээнд орон нутагт хорт хавдрыг оношлох багаж төхөөрөмж суулгах, ингэснээр таван жилийн дараа хорт хавдрын тоо буурна гэж тооцоолж байгаа. Эхний жилд оношилгоо шинжилгээний багаж тавихад 71 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүний 40 орчим тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авна. Дараа дараагийн жилээс 38 гаруй тэрбум төгрөгийг жил бүр төсөвт суулгах юм" гэж байв.

Дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ