Сураггүй болсон иргэний цогцсыг олжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын иргэн 23 настай О энэ сарын 10-ны өдөр аймгийн төвөөс сумын төвд гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлага 12-ны өдрийн 14:43 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 8, сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, орон нутгийн 34 иргэн, нийт 44 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Тэрээр өчигдөр 12:35 цагийн орчимд Бугат сумын төвөөс зүүн зүгт 12 км-т орших тус сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэр “Есөн салаа” гэдэг газраас түүний цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр тухайн иргэн сэтгэцийн эмгэгтэй байсан ба аймгийн Цагдаагийн газар нас барсан шалтгааныг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.
Ө.Нурболат