Хүүхдийг дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-19 16:34:37

 Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг Баянгол дүүргийн ИТХ-тай хамтран  “Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургагч багш бэлтгэх давтан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Сургалтад дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн хичээл заадаг багш нар хамрагджээ. Өсвөр үеийн хүүхдийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамаарал, зан үйлийн хүрээнд үүссэн донтох эмгэг болох компьютер, интернэт, РС тоглоом, ухаалаг утсанд донтох эмгэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд тулгамдаж буй асуудал, сэтгэл зүйн хямралыг шийдвэрлэх, зөв чигт чиглүүлэх, тэдний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн эмч, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, үнэн зөв мэдлэг, мэдээлллээр хангахад энэхүү сургалтын зорилго оршиж байна. Ерөнхий боловсролын сургуулийн захирал, эмч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн хичээл заадаг багш нар өсвөр үеийнхэнд тохиолдох сэтгэлзүйн хямралаас урьдчилан сэргийлэх, тэдэнд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ур чадварыг эзэмшихэд тус боллоо гэж ярив.  Өнгөрсөн онд “Мансууралгүй ирээдүй” сэдвийн хүрээнд сургагч багш бэлтгэх сургалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн  эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ