Д.Эрдэнэбат: НИТХ бага парламентын хэмжээнд ажиллах шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, Улаанбаатар хотын өмнөх болоод одоогийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд, судлаачид оролцлоо.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Нийслэлийн статус, хөгжил, бие даасан байдал гээд олон асуудалд шинэтгэл орох уг хуулийн төслийг зарим зүйл заалттай УИХ дахь АН-ын бүлэг санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Улмаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг сайжруулах, хянаж үзэх, иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор АН-ын бүлгээс Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг хэлэлцүүлгийг санаачлан явуулсан юм.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат "Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхэд онцгой нөхцөл байдлуудыг эргэж нэг харах, нийслэлийн цаашдын хөгжлийн үе шаттай уялдах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс бид энэ хуулийг онцгой анхаар ч өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад АН-ын бүлгээс хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой гэж үзэж байгаа. Тухайлбал, нийслэлийн статус, эрх зүйн онцгой бүрэн эрх, нийслэлийн удирдлага тэдгээрийг тойрсон асуудлууд, хот төлөвлөлт буюу дахин төлөвлөлт, дэд бүтэцтэй холбоотой нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний гол асуудлууд шинэчилсэн найруулгад суулгаж өгөх шаардлагатай байна. Харамсалтай нь өргөн баригдсан хуулиудад эдгээр асуудал бүрхэг хэвээрээ үлдсэн байгаа. Хуулийн зарим заалт ойлгомжгүй, олон хуулийн зүйл заалттай зөрчилдсөн гээд олон анхаарах асуудал байна. Ер нь НИТХ бага парламентын хэмжээнд ажиллах шаардлагатай, нийслэлийн Засаг дарга, ЗДТГ, Захирагчийн ажлын алба бага Засгийн газрын хэмжээнд ажиллах эрх зүйн орчинг бий болгож өгөх хэрэгтэй байна" гэдгийг онцолж байлаа.
УИХ-ын гишүүн Л.Болд "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ чигээрээ батлагдчихвал шинэчлэл болж чадахгүй. Тиймээс энэ хуулийг амь оруулах үүднээс нийслэлийн иргэдийн эрх буюу ардчилалтай болох. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэд Засаг даргаа сонгодог байх. Нийслэл засаг захиргаа нутаг дэвсгэр талаасаа бол хамгийн онцгой бүрэн эрхтэй хот байх ёстой гээд засч сайжруулах олон асуудал байна. Хуулийн төслийг шат шатанд нь хэлэлцүүлээд, сайжруулахгүй бол өнгөлөн далдалсан хууль батлан гаргах хэрэггүй" хэмээлээ.
Хуралдаан даргалагч УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар "Энэ хууль хууль зүйн техникийн агуулгаараа маш нуршуу, шаардлага хангаагүй. Нийслэлийн Засаг даргыг иргэдийн төлөөлөгчдөөс томилдог энэ тогтолцоо хэр оновчтой юм бэ. Томоохон олон хотууд Засаг даргаа иргэдээсээ шууд сонгож байгаа. Тиймээс энэ тогтолцоо руу шилжих нь зөв. Учир нь ард түмнээс сонгогдсон Засаг дарга илүү сайн ажиллаж чадна. Мөн дагуул хотуудын тухайд ард нийтийн санал асуулгаар Налайх, Багануур дүүргийг "Хот" болгосон. Тэгвэл энэ мэт дагуул хотуудын эрх зүйн байдлын нарийвчилсан зохицуулалтыг алга байна. Тиймээс эрх зүйн байдлыг бий болгож, цаашид олон дагуул хотуудыг бий болгох ёстой. Түүнчлэн нийслэлийн, дүүргийн ИТХ, хорооны иргэдийн нийтийн хурлууд нэр төдий буюу ямар ч бодит эрх мэдэл байхгүй байгаа. Тиймээс энэ хуулиар эрх мэдлийг орон нутаг руу өгөх нь зөв" гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос хуулийн төсөлд тусгах олон санал гаргаж байв. Тухайлбал хог хаягдлын үйлдвэрийн асуудлыг хуулийн төсөлд тусгах, Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулга биш зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн санал ч гарч байв. НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг нийслэлийн иргэдийн хурал болон дүүргүүдийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэх саналтай байна. Мөн нийслэлийн иргэдээс санал авах хэрэгтэй. Нийслэлийн шат шатны байгууллагаас болоод иргэдээс нь санал авахгүй зөвхөн УИХ-ын Тамгын газар дээр хэлэлцүүлэг хийсэн нэрээр энэ хуулийг баталж болохгүй. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулаад, шат шатны иргэдийн хурлаар хэлэлцүүлээд, иргэдээс санал аваад, нэлээд сайн найруулж байж хуулийн төслийн хэлэлцүүлээч гэсэн санал байна" гэв.
Хэлэлцүүлгийн төгсгөлд хуралдаан даргалагч УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, хуулийн төслийг илүү сайжруулан боловсруулах, нягтлах, иргэдээр хэлэлцүүлэх шаардлагатай гэх зэрэг саналуудыг АН-ын бүлэг анхааралдаа авч, ажлын хэсэгт хүргүүлнэ гэдгийг илэрхийлэв.

Н.Гантуяа