“Шинэ цагийн нүүдэлчид”-ийг тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-11 15:24:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эргэх холбоо” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Хэнтий аймгийн УИХ-ын 41 дүгээр тойргийн Багийн Засаг дарга болон ИНХ-ын дарга нарт зориулсан сургалт, зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Уулзалтад тус тойргийн 60 гаруй Багийн Засаг дарга болон ИНХ-ын дарга нар оролцсон бөгөөд Удирдлага, Манлайллын сэдвээр сургалт явуулж, “Шинэ цагийн нүүдэлчид” хөтөлбөр, “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” төслийн талаар танилцуулсан юм. Мөн энэ үеэр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг танилцуулав. 

“Эргэх холбоо-7” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Шинэ цагийн нүүдэлчид” хөтөлбөрийн тухайд, хөдөө орон нутаг, тэр дундаа төрөлх сумандаа нүүдэллэн амьдарч буй малчин залуус, уяачдыг дэмжих, хурд хүч авхаалж самбааг сорих, олон улсын шилдэг туршлагыг суралцах, Монголын морин спортын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой аж. Хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн УИХ-ын 41 дүгээр тойргийн сумд болох Батноров, Баян-Овоо, Баянхутаг, Баян-Адарга, Биндэр, Галшир, Дадал, Норовлин, Бэрх хотод мал маллан амьдарч буй иргэд, залуусаас шилдэг есөн оролцогчийг шалгаруулж, олон улсын морин тойруулга, эрчимжсэн МАА-н туршлага судлах гадаад аялалд хамруулах юм байна. Шалгаруулалт энэ сарын 20-ноос эхэлж долдугаар сарын 30 хүртэл “Малчдын өдөрлөг”, “Мэргэшүүлэх, хөгжлийн сургалт” гэсэн хоёр үе шаттай үргэлжлэх бөгөөд оролцох сонирхолтой залуус Багийн Засаг дарга эсвэл “Эргэх Холбоо” ТББ-тай холбогдон бүртгүүлэх боломжтой байх аж. 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ