Окинавагийн хэргүүдтэй холбоотойгоор АНУ Японоос уучлалт гуйжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-10 10:49:37
ТОКИО. /Киодо/. Цэргийн тээврийн хэрэгслүүд нь Окинава мужид удаа дараалан осол гаргасантай холбогдуулан АНУ Японоос уучлалт гуйсан тухай “Киодо” агентлаг мэдээллээ.

Японы өмнөд нутгийн Окинава аралд АНУ-ын армийн хоёр ч нисдэг тэрэг ослын буулт хийж, Америкийн цэргийн алба хаагчид согтуугаар жолоо барьж яваад хүний аминд хүрсэн зэрэг хэрэг гарсан юм. Үүнтэй холбогдуулан АНУ уучлалт гуйсан гэж Японы Батлан хамгаалахын сайд Ицүнори Онодэра мягмар гарагт буюу өчигдөр мэдэгджээ.

Окинава аралд Япон дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз байдаг юм. Сүүлийн үед тус аралд Америкийн армийн алба хаагчид нэр холбогдосон осол, гэмт хэрэг гарах болсонтой холбогдуулан АНУ-ын баазыг Окинава арлаас нүүлгэн шилжүүлэхийг нутгийн оршин суугчид шаардах болсон билээ.

Хамгийн сүүлд л гэхэд энэ долоо хоногийн даваа гарагт АНУ-ын нэг нисдэг тэрэг Окинава арлын нэгэн зочид буудлын талбайд ослын буулт хийсэн байна. Үүний өмнөхөн өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт АНУ-ын өөр нэгэн нисдэг тэрэг Окинава арлын эрэг орчимд ослын буулт хийгээд байсан юм. Азаар энэ хоёр хэргийн үеэр хүн бэртэж гэмтээгүй байна.

Японы өмнөд нутагт орших Окинава арал дахь АНУ-ын цэргийн бааз нь 260 мянга орчим алба хаагчтай аж. 2016 онд тус баазын нэгэн усан цэрэг согтуугаар жолоо барьж яваад нэг эмэгтэйг дайрч, аминд  нь хүрсэн юм. Энэ хэргийн улмаас АНУ-ын цэргийн бааз алба хаагчдаа архи согтууруулах ундаа хэрэглэхийг хэсэг хугацаанд хориглож, шөнийн цагаар хөл хорио тогтоож байв.

АНУ-ын Засгийн газар Окинава дахь хамгийн том тэнгисийн цэргийн хүчний бааз болох “Фүтэнма”-г тус арлын өөр хэсэгт шилжүүлэн байрлуулах хүсэлтэй байгаа боловч Окинавагийн оршин суугчид тус баазыг өөрийн арлаас гаргаж, өөр газар руу шилжүүлэхийг шаардсаар байна. 
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ