Умард Солонгос Пёнчаны олимпод оролцохоо мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-09 12:47:46
СӨҮЛ. /Ёнхап/. Ирэх сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болох өвлийн олимпийн наадамд төлөөлөгчдөө илгээнэ гэдгээ Умард Солонгосын албаны хүмүүс мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тамирчид, хөгжөөн дэмжигчид болон албаны хүмүүс багтах аж.

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь анхны дээд түвшний уулзалтаа хоёр Солонгос Сөүлийн цагаар өнөө өглөөний 10:00 цагт хоёр улсын хилд орших Панмүнжом тосгонд хийж эхэлсэн билээ. Уг уулзалтын үеэр Умард Солонгосын албаны хүмүүс төлөөлөгчдөө Пёнчан руу илгээхээр тохиролцсон байна.

Солонгосын дайны улмаас хилээр тусгаарлагдан салсан хүмүүсийг Пёнчаны олимпийн үеэр уулзуулах саналыг мөн Өмнөд Солонгос Умард Солонгост тавиад байгаа аж. Энэ асуудал нь тус хоёр улсын хувьд “хамгийн эмзэг” асуудлуудын нэг бөгөөд тусгаарлагдсан хүмүүсийг уулзуулах саналыг Өмнөд Солонгосын тал Умард Солонгост байнга тавьсаар ирсэн юм. Энэ удаагийн саналыг Умард Солонгос хүлээж авах эсэх нь хараахан тодорхойгүй байна
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ