"Эрдэнэт" 100 хувь Монголын төрд шилжиж, иргэдэд хувьцаа эзэмшүүлэхээр судалж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-04 17:20:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг төрийн өмчид буцаан авах талаар тусгасан УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж Засгийн газар өнөөдөр шийдвэр гаргаснаар "Эрдэнэт үйлдвэр" ХХК 100 хувь Монгол Улсын төрийн өмч боллоо.
Зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр” 1978 онд Монгол, ЗХУ хоёр орны Засгийн газар хоорондын гэрээний дагуу "Эрдэнэтийн овоо"-ны орд газарт байгуулагдаж байсан түүхтэй. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг, Монголын төсвийн орлогыг гол бүрдүүлэгч болж ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг ОХУ-ын Ростех корпораци 49 хувийг 38 жилийн хугацаанд эзэмшиж ирсэн. Харин 38 жилийн дараа буюу 2016 онд ОХУ-ын Ростех корпорацтай хийсэн хэлцлийн дүнд 49 хувийн энгийн хувьцааг Монгол Улсад шилжүүлэн, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын мэдэлд ирснийг тухай үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэж байв. Ингэхдээ 49 хувийн энгийн хувьцааг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс корпораци” ОХУ-ын Ростех компаниас шилжүүлэн авсан юм. Гэвч 49 хувийг худалдан авах Засгийн газрын давуу эрхийг зөрчиж хувийн хэвшлийн компани Монголыг төлөөлөн шилжүүлж авсан энэхүү ажиллагаа нь хууль зөрчсөн хэмээн үзэж, УИХ-аас Ажлын хэсэг байгуулан шалгаж байв. Улмаар УИХ-аас 2017 оны хоёрдугаар сард "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" хэмээх 23 дугаар тогтоол гарч, "Монголын зэс корпораци"-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр" ХХК,  "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийг төрд авахаар тусгасан. Мөн хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад хариуцлага тооцохыг уг тогтоолд тусгасан байдаг. 


Улмаар энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ТӨБЗГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-өөс 49 хувийн төлөөллүүдийг хасч, эзэмших эрхийн гэрчилгээг нь ОӨУБЕГ “100 хувь төрийн өмч” болгон өөрчилсөн юм. Харин "Монголын зэс корпораци"-ийн зүгээс Засгийн газар 49 хувийг эзэмшигч хувийн хэвшилтэйгээ ямар нэгэн байдлаар хэлцэл хийж, төлбөрийг барагдуулах чиглэлд тохиролцоогүй байхдаа ийм шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр гомдол гаргаж, ТӨБЗГ, ОӨУБЕГ-ыг хариуцагчаар татан шүүхийн байгууллагад гомдол гаргаж, шат шатны шүүхээр хэлэлцүүлсэн. Улмаар Дээд шүүхээс өнгөрөгч 12 дугаар сарын 7-нд 100 хувь төрийн өмчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосноор "Монголын зэс корпораци" 49 хувиа эзэмших эрхийг сэргээх шийд гарсан юм.

Харин өнөөдөр Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Ингэхдээ “Монголын зэс корпораци”-тай хийх хэлцэл, төлбөр тооцоог эцэслэх зорилгоор харилцан суутгал хийх болсноор УИХ-ын 23 дугаар тогтоол бүрэн хэрэгжих нөхцөл бүрдүүлсэн байна. Засгийн газрын уг шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар хамтарсан мэдэгдэл хийсэн юм.

“Монголын зэс корпораци”-ийн төлсөн 400 сая ам.долларыг суутган тооцно 



УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

"Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолд заасны дагуу Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексел зэргээс суутган тооцож төрийн өмчид буцааж авахаар Засгийн газраас шийдвэрлэлээ. 49 хувийг эзэмшиж байсан ОХУ-ын талд “Монголын зэс корпораци” 400 сая 270 мянган ам.долларыг төлсөн. Үүнийг УИХ-ын 23 дугаар тогтоолын дагуу харилцан суутгал хийж шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүллээ.  Ингэхдээ Монгол Улсын Хөгжлийн банк, Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээлүүд, Сэлэнгэ аймаг дахь 217 тэрбум төгрөгийн  концессын гэрээг хүчингүй болгох, “Монголын зэс корпораци”-д шилжсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн ноогдол ашгийг суутгах зэрэг харилцан суутгал хийхээр шийдвэрлэсэн. Ингэснээр 1 их наяд 31 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг харилцан суутгана. Үүний дараа 49 хувийг төрийн өмчид авах, бүртгэх ажлыг төрийн холбогдох байгууллагуудад Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Ингэснээр УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг УИХ бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн болохыг мэдэгдэж байна.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмент” компанитай холбоотой 2017 оны 10 дугаар сарын 26-нд байгуулагдсан Ажлын хэсэг “Монголын зэс корпораци”-тай дөрвөн удаагийн уулзалт хийж, УИХ-ын 23 дугаар тогтоолд заасны дагуу суутгалууд хийх саналаа хэлсэн. Тэдний хувьд суутгалтай санал нийлэхгүй зүйл байгаа. УИХ-ын 23 дугаар тогтоолын 1-р заалтад “Монголын зэс корпораци” 49 хувийг шилжүүлэн авахдаа Монгол Улсын холбогдох бүх хуулийг зөрчсөн гэдгийг шалгаж тогтоогоод тусгасан. УИХ-ын энэ тогтоол буруу гэсэн шийдвэр хаана ч байхгүй.

 
Хэрэв дахин шүүхэдвэл Засгийн газар шийдвэрээ нотлох баримтаа гаргаж өгнө 



УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

УИХ-ын 23 дугаар тогтоол гараад жил болж байна. Өмнөх Засгийн газар харилцан суутгалыг хэрэгжүүлэх арга хэмжээг огт аваагүй байхад Улсын бүртгэлд “төрийн өмч” гээд бүртгэчихсэн байсан. Үүнтэй холбоотой гомдол гараад гурван шатны шүүхээр яваад Улсын дээд шүүхээс “Монголын зэс корпораци”-д бүртгэх шийдвэр гаргасан. Өнөөдрийн шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд, харилцан суутгал хийгээд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг 100 хувь төрийн өмч гэж бүртгэх шийдвэр гарч байна. Өмнө нь ийм шийдвэр гарч байгаагүй. Одоо УИХ, Засгийн газрын шийдвэр хэрэгжинэ.
Дахин гомдол гаргах, Арбитрын шүүхэд хандах эсэх нь тэр талын шийдэх зүйл. УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргалаа. Хэрэв тийм шийдвэр гаргавал Засгийн газар өөрийн шийдвэрээ зөв гэдгийг нотлох баримтаа гаргаж өгнө. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан 2016 оны зургадугаар сарын тогтоол өөрөө хууль бус байсныг УИХ-ын Ажлын хэсэг тогтоочихсон. Засгийн газар хувьчлах асуудлыг хэлэлцэхээс өмнө 5 сая ам.долларын төлбөр ОХУ-ын талд хийгдсэн байсан. Энэ бол хуйвалдаан хэдийнэ эхэлчихсэн байсан гэсэн үг.

 
240.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцааж авна



УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар:

“Эрдэнэт”-ийн 49 хувийг харилцан суутгахад 2014 оны Монгол Улсын Хөгжлийн банк, “Кью Эс Си” ХХК хооронд байгуулсан концессын гэрээг хүчингүй болгож, улсад хөрөнгийг нь буцаан олгох шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргасан. Учир нь 2014 онд Дарханы Металургийн ордын цогцолбор, Төмөртэйн ордоос Хандгайт өртөө хүртэл 33,4 км зам, Сэлэнгэ аймгаар дамжин өнгөрөх 95 км олон улсын хүнд даацын хатуу хучилттай зам барих зэрэг ажлыг улсын төсвөөс ямар ч төлбөр авахгүйгээр "барьж ашиглах, шилжүүлэх" гэрээ хийсэн байдаг. Гэвч 2015 онд энэ гэрээг “барьж шилжүүлэх” болгож өөрчилж, 240.7 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс авсан. Энэ бол нийтийн эрх ашгийг хангах концессын гэрээ, төсвийн үндсэн зарчмуудыг зөрчиж байгаа учир Засгийн газрын 2015 оны гэрээг хүчингүй болгож, 240.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт буцааж авахаар шийдвэрлэлээ гэв. 


Монголын төрийн мэдэлд 100 хувь аваад зогсохгүй цаашид “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үр ашгийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулахын тулд олон нийтэд тодорхой хувийг эзэмшүүлэх, хувьчлах зэрэг асуудлыг судалж, ойрын үед Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт мөн өнөөдрийн хуралдаанаар даалгажээ. Хуулиар стратегийн ордын 10 хувийг олон нийтэд эзэмшүүлдэг. Тиймээс нэг хүнд эзэмшүүлэх биш, олон нийтэд эзэмжүүлэх ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр судалж эхэлж байна. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ