Орхон голын эхэнд дахин аюул нүүрлэх болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангайн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд алт олборлолтондоо л хамаг анхаарлаа хандуулаад нөхөн сэргээлтийг хойш тавьж байна.
Монгол орны хамгийн урт тунгалаг гол Орхоны цутгалангуудын хөндийд 2000-2012 онд алтны компаниуд олборлолт хийж, үй олон нинжа,ченж бужигналдаж, усны түвшин доошилж, улмаар Өгийнуурт аюул тулгарсан. Тиймээс аймгийн удирдлагын зүгээс цагдаа хүчнийхэнтэйгээр хамжиж байж хууль бус ажиллагааг зогсоон барьж, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт 2013, 2014 онд намжмал байдлыг тогтоосон. Гэтэл 2015 оны долдугаар сарын долоонд Монгол улсын Засгийн газрын 289, 302 тоот тогтоол гарч дахин алт олборлох эрхзүйн үндэс бүрджээ.
Эдүгээ Өлзийтээл, Буданттээл, Өлт, Шийрт, Харгуйтын голын хөндийд Алтан дорнод Монгол компани тав, Монгол газар ХХК гурав, түүний охин компани болох ЭМ ДИ ЭЙЧ компани хоёр, Алтай голд компани нэг тусгай зөвшөөрлийг тус тус 40 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна.
Компаниуд алт олборлонгоо нөхөн сэргээлтээ хийгээд явна гэж байсан ч олборлолтондоо л хамаг анхаарлаа хандуулаад нөхөн сэргээлт хийж байгаа юм алга гэж Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Засаг дарга Чулуунбатын Бармид хэллээ.
Орхон чулуут голын сав газрын захиргаанаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, Орхон голын 10 цэгээс дээж авч шинжлэхэд газар бүрт бохирдол харилцан адилгүй байна. Анхнаасаа Монгол газар болон Алтандорнод Монгол компаниуд голын голдиролд ажиллаж эхэлсэн учраас ус ашиглалтын байдалд хүндрэл дагуулж байна. Иймээс хамгаалалтын бүсийг тогтоох, улсын тухай хууль, ус ашиглах хамгаалалтын бүсийн дэглэлийг мөрдүүлэхэд анхаарч ажиллана гэж тус захиргааны ахлах мэрэжилтэн Б.Булганбаатар амлалаа.
Монгол газар компаний 34, Алтандорнод Монгол компаний гурван гэрээт компаниуд энэ оны тавдугаар сараас эхэлж алт олборложээ.
Биднийг цэнхэрлэн харагдах тэр нутагт очиход, Цэнхэр сумын Засаг дарга Б.Батжаргал Европ тив рүү Латви улсад, ЗДТГ-ынхан болон ИТХ-ын төлөөлөгчид БНХАУ-ын Манжуур хотод аялахаар одсон байлаа.
Цэнхэр нутгийн иргэдийн зохион байгуулалтанд орсон хөдөлгөөнийг алтны компаниудтай хавсайдан тарааж өөрөө Сингапур улсад зочилж, төрөл саднаа сумын ЗДТГ-ын даргаар томилуулсан “Ариун суварга”-ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж болон сумын удирдлагуудыг ард олны өмнө баатар тэмцэгч болж аялаад араар нь ер нь л юу л хийгээд байна даа гэж зарим хашир хүн ярьж сууна.
“Газар шороогоо ухаж хөгжихгүй гэж ногоон хөгжлийн аймгийн удирдлагууд уулзалт болгон дээр ярьж байгаа ч тэдний үгийг шийдлийн Засгийн газар харин ч нэг авч хэлэлцсэнгүй. Тиймээс баялагтайн балгаа үүрээд байж л байхаас аргагүйн гацаанд оров бололтой” хэмээн орон нутгийн сонины сурвалжлагч Ц.Өнөрцэцэг тэрлэж байна.
Архангай аймаг: Л.Булган