Гэр бүл, хүүхдийн асуудлаар төрийн байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-02 16:47:08
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг байгууллагууд “Иргэний гэр бүлийн байдлын болон хүн амын өрхийн бүртгэлийн асуудлаар хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Гэрээ нь Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд хүүхэд үрчлэлийн бүртгэл, төрсний бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт цуцалсны бүртгэл, гэрлэлт сэргээсэн тухай бүртгэл, эцэг тогтоосон, нас барсны бүртгэл зэрэг бүртгэлийн асуудлаар холбогдон үүсэх харилцааг зохицуулах ажээ. Өөрөөр хэлбэл, энэ бүх харилцаанд хүүхдийн эрх ямар нэг байдлаар зөрчигддөг учраас аливаа асуудал үүсэхээс, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэрээ хийж байгаа юм. Энэхүү гэрээний үр дүнд хүүхдийн эрхийн зөрчил, гэр бүл цуцлалт буурч гэр бүлийн элэг бүтэн, сайн сайхан байдал нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.

Архангай аймагт сүүлийн хоёр жил гэр бүл цуцлалт болон хүүхэд үрчлэлт нэмэгдсэн байна. Дурдвал, гэрлэлт 2016 онд 457, 2017 онд 400 гаруй, харин гэр бүл цуцлалт 2016 онд 41, 2017 онд 54 болж өссөн байгаа юм. Хүүхэд үрчлэлтийн тухайд 2016 онд 59, 217 онд 79 болж нэмэгджээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ