Ши Жиньпин: БНХАУ 2018 онд өргөн цар хүрээг хамарсан шинэчлэл хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-01-01 14:37:43
БЭЭЖИН. /Шиньхуа/. БНХАУ 2018 онд дотооддоо өргөн цар хүрээг хамарсан шинэчлэл хийхийн сацуу  “хариуцлагатай, том гүрний хувьд” олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарсан биелүүлэх болно гэж тус улсын дарга Ши Жиньпин 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой буюу өчигдөр орой ард иргэддээ болон дэлхий дахинд шинэ оныг угтан мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ хэлснийг “Шиньхуа” агентлаг уламжлав.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, “Бүс ба Зам” эдийн засгийн санаачилгын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэхийн төлөө 2018 онд бид илүү их хүчин чармайлт гаргах болно гэж Ши Жиньпин мөн хэлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Хятад улс шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлсний 40 жилийн ой 2018 онд тохионо. Энэ ойн хүрээнд бид өргөн цар хүрээг хамарсан шинэчлэлийг хэрэгжүүлэх болно. 2020 он гэхэд ядууралд бүрэн цэг тавина гэсэн амлалтаа биелүүлэхийн төлөө зүтгэх болно” гэсэн байна.

2017 онд Хятад улс 13 сая ажлын байрыг нэмж бий болгосноор ДНБ нь 80 их наяд юань буюу 12.3 их наяд ам.долларт хүрч нэмэгдсэн байна. Мөн тус улс өнгөрөгч онд 1.35 тэрбум иргэнээ эрүүл мэндийн даатгалд хамруулж, хөдөө орон нутгийн 10 сая гаруй иргэнээ ядуусын эгнээнээс гаргаж чаджээ.

Түүнчлэн Хятад улс зорчигч тээврийн “C919” том оврын нисэх онгоцноос эхлүүлээд 350 км/ц-ийн хурдтай “Fuxing” буюу “Сэргэн мандалт” хэмээх хурдны галт тэргийг дотооддоо үйлдвэрлэсэн зэрэг нь 2017 онд шинжлэх ухаан-технологийн салбарт Хятадын ард түмний гаргаж чадсан "томоохон ололт амжилт" юм гэж Ши Жиньпин цохон тэмдэглэсэн байна.
 
 
Г.Доржханд

 
Холбоотой мэдээ