АНУ террористуудыг бэлтгэдэггүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-28 09:29:25
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ  Сири дэх “Эт-Танф” цэргийн бааздаа “Лалын улс” бүлэглэлийнхнийг бэлтгэдэг гэх мэдээлэл нь ямар ч ор үндэслэлгүй, утгагүй зүйл хэмээн АНУ тэргүүтэй эвслийн Сири болон Иракт явуулж буй босогчдын эсрэг “Inherent resolve” ажиллагааны нэгэн төлөөлөгч өчигдөр мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
Төлөөлөгч хэлэхдээ “АНУ Ирак болон Сирид тусгайлан ямар нэгэн ажиллагаа явуулдаггүй. АНУ бол Ирак болон Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг дарах зорилготой 74 улсаас бүрдсэн эвслийн гишүүн юм. "Эт-Танф" баазад юм уу өөр хаа нэгтээ “Лалын улс” бүлэглэлийг бэлтгэх төв бий гэх мэдээлэл нь ор үндэсгүй, утгагүй зүйл юм” гэжээ.

"Хиймэл дагуулаас ирсэн мэдээлэл болон тагнуулын эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ Сири дэх "Эт-Танф" цэргийн бааздаа “Лалын улс”  бүлэглэлийн террористуудыг бэлтгэж байна" хэмээн ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын тэргүүн Валерий Герасимов өмнө нь мэдэгдэж байсан юм.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ